Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэж байна. (2020.11.13-ны 11:00 цагийн байдлаар)
Манай улсад батлагдсан тохиолдол 412 болжээ. Үүнээс 317 нь эдгэрсэн. Эмчилгээнд 90 хүн байгаа ба тэдний хоёрынх нь биеийн байдал хүнд, 12 нь хүндэвтэр, 76 нь хөнгөн байдалтай байна. ХӨСҮТ-д нийтдээ 175 хүн ажиглалт, тандалтад байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 12-нд нийт 1030 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Ингэхэд зургаан хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Сэлэнгэ аймагт 12-13-нд шилжих шөнө тус аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Өнөөдөр ХӨСҮТ мэргэжлийн нэг багаа Сэлэнгэ аймаг руу илгээлээ. Нийт хийгдсэн шинжилгээний 501 нь тусгаарлалтад байсан хүмүүсийн давтан шинжилгээ байсан ба тэдгээрт халдвар илрээгүй. Түүнчлэн ХӨСҮТ-ийн эмч, ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр халдвар илэрсэн. Ачаа тээврийн жолоочийн буюу Улаанбаатар хотод голомтлон гарсан халдварт батлагдсан тохиолдол зургаа хэвээр байгаа. Тандалт үргэлжилж байна. Тэдний ойрын болон дам хавьтал болох нийт 3000 орчим хүнийг хяналтдаа авсан, шинжилгээ тандалт хийж байгаа" гэсэн мэдээлэл өглөө.
"Нийслэл болон Сэлэнгэ аймагт багц тохиолдол бүртгэгдэж эхэлсэн байна. Иймд гэрийн дэглэм хатуу мөрдөх шаардлагатай байна. Дэлхийн 140 гаруй орон хөл хорьж байж коронавирусний багц тохиолдлыг цомхотгох хавьтлыг илрүүлсэн. Иймд иргэд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна" гэж Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.
Тэрбээр цааш нь "Манай оронд коронавирусийн 412 тохиолдол бүртгэгдсэн. Иймээс иргэд гэртээ байх дэглэмийг хатуу мөрдөх шаардлагатай байна. Хүн бүр гэртээ байвал багц хэлбэрээр гарч байгаа халдварыг хумих боломжтой. Эмнэлгийн эрсдэлтэй орчинд аль болох очихгүй байхыг уриалж байна. Иргэд амархан мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг ихээр авснаар хоолны хордлого авах, гэдэсний халдварт өвчнөөр өвдөх тохиолдол байна. Хүнсний нөөц хангалттай байгаа тул та бүхэн ихээр нөөцөлж эрүүл мэнддээ эрсдэл бүү үүсгээрэй. Гар ариутгагч бодисоос хүүхдээ хол байлгаарай. Хүүхдүүд түүнийг буруу хэрэглэх тохиолдол байна" гэлээ.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА