БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /2022.07.21/ Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэрээ "Мандах нар" цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан байна. “Мандах нар” цэцэрлэг Баянзүрх дүүрэгт 2008 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Тус цэцэрлэг 3 бүлэгт 50 хүүхдийг 280 мянган төгрөгийн төлбөртэйгээр хамруулдаг байжээ. Нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээг шинэчлэн тогтоосон, хувьсах зардлыг нэмэгдүүлж олгох болсонтой холбоотойгоор хамран сургах тойргийнхоо 20 хүүхдийг нэмэлтээр хүлээн авч энэ хичээлийн жилд 70 хүүхдийг сургах гэж байна.
"Мандах нар" цэцэрлэгт ажлын хэсгийн гишүүд ажиллах үеэр цэцэрлэгийн эрхлэгч өөр салбар байгуулах боломжтой тухайгаа дуулгав. Үүнд Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Хувийн цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа өргөтгөн, салбар, сүлжээ цэцэрлэг байгуулбал хувьсах зардал, хоолны мөнгө олгох, багш боловсон хүчнээр хангах боломжтой. Энэ асуудлыг бүх цэцэрлэгт уриалж, ажил хэрэг болгох хэрэгтэй" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )