Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээс КОВИД-19 цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа ажил, тэдгээрийн хэрэгжилтийн талаар тодруулга авлаа
-Нийслэлээс сүүлийн үед хөл хориойтой холбоотойгоор ямар гол ажлуудыг авч хэрэгжүүлж байна вэ?
-Бүх нийтийн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлснээс хойш хөл хориог нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэхийн хүрээнд бусад ажлуудыг уялдуулан явуулж байна. Дараагийн нэг гол ажил бол цар тахлын голомтыг илрүүлэх, түүнийг тогтоон барих, халдваргүйтлийн дэглэмийг сахиулах ажил юм. Гуравдугаарт, иргэдийг энэ талын мэдээлэлтэй болгох, энэ өвчнөөс өөрийгөө болон ойр тойрныхоо хүмүүсийг хамгаалах дадал хэвшилтэй болгоход чиглэсэн ажлыг хийж байна. Дөрөвдүгээрт цар тахлын нөлөөнөөс болоод амьжиргааны түвшин нь буурч хүндрэл үүсэж байгаа айл өрхийн судалгааг хийж, тохирсон тусламж үйлчилгээг үзүүлэх нь чухал болоод байгаа.
-Нийтийн тээврийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Одоо байдал ер нь ямар байгаа вэ?
-Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийтийн тээврийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, өглөө 07-10, орой 17-20 цагийн хооронд явуулж байсан. Засгийн газрын тогтоолоор хөл хорионы үед ажил үүргээ гүйцэтгэх 13 тусгай чиг үүргийн байгууллагын ажилтан, албан хаагчдид ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд зориулж ийм шийвэр гаргасан. Гэтэл эдгээр хүмүүс дотор хувийн унаагүй, өдрийн цагаар ажлаа хөөцөлдөх, явуулах шаардлагатай маш их хүмүүс бий. Дээрээс нь яаралтай шаардлага гарсан хүмүүст хүртэл хүндрэл бий болж эхэлсэн. Ингээд олон талын хүсэлтийг харгалзан үзээд цагийн хуваарийг сунгасан. Энэ нь бас хоёр талтай. Өглөө, оройд гурав гурван цагаар нийтийн тээврийг явуулж байхад цар тахлын нэг болон хоёрдугаар хавьтлын хүмүүс нийтийн тээврээр огт зорчоогүй байдаг. Одоо харин нэг болон хоёрдугаар хавьтлынг харьцангуй барьсан гэж үзээд өдрийн цагаар нийтийн тээврийг явуулж байна. Одоо ч нийтийн тээвэр бол эрсдэл өндөртэй бүс хэвээрээ байгаа.
-Нийслэлд гацсан хүмүүсийг гаргах ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Энэ асуудлыг нийслэл дангаараа шийдчихэж болохгүй зүйл. Яагаад гэхээр орон нутагт нь иргэдийг очиход заавал карантинд байлгах үүргийг орон нутгийн удирдлагууд хүлээж байгаа учраас хоёр талын зөвшилцөл хийх хэрэгтэй. Тиймээс энэ ажил УОК-ын ажил болсон. Өнөөдөр, маргаашдаа бэлтгэлийг хангаад энэ ажлыг хийх байх. Ер нь гадаадаас өөрийн иргэдээ татаж чадсан юм чинь энэ ажлыг ямар нэгэн хүндрэл, чирэгдэлгүй зохион байгуулж чадна байх гэж бодож байгаа.
-СХД-ийн нутаг дэвсгэрт бас хэдэн тохиолдол илэрсэн мэдээ байгаа. Энэ талаар та ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэлтэй байгаа болов уу?
-Нийслэлийн Шуурхай штабын дарга учраас нийслэлд гарч байгаа асуудлуудын талаар мэдээлэлтэй байгаа. КОВИД-19 өвчин бол монголчуудын өмнө тулгамдаж байгаа сорилт учраас дүүрэг, сум гэж ярих нь утгагүй. Дүүргийн биш нийслэлийн асуудал болчихсон учраас НОК-оос өвчний хавьтал авсан иргэдийг тусгаарлаж, зохих арга хэмжээнүүдийг бүрэн авсан.
-Нийслэлийн хэмжээнд гарсан халдварын голомтуудыг ерөнхийд нь багцлаад барьчихлаа гэж үзэж байгаа юу?
-Хамаагүй тэгж болохгүй. Халдварын голомт хаанаас гарч байгааг бүгдийг нь мэдчихсэн, нэг болон хоёрдугаар хавьтлуудыг тогтоосон. Гэтэл мөн гуравдугаар хавьтлаас илэрч байгаа, хүүхэд халдварласан зэрэг нь аюултай. Ер нь Улаанбаатар хот өндөр эрсдэлтэй бүс хэвээрээ байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН