Ш.Ёл: Дорнод нутагт маань их бүтээн байгуулалтын дуу үргэлжлэх болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 29

Дорнод аймгийн 94 жилийн ой, "Зүүн бүсийн хурд-2025" баяр наадмын нээлт өргөн дэлгэр боллоо.  Аймгийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үндэсний үнэт зүйл, гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэсэн, утга агуулга төгөлдөр, өв соёл, түүх уламжлалаа шингээн найруулж, наадамчин олныхоо мэлмий, сонорыг мялаав. Баяр наадмын нээлтийг аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч Б.Мөнх-Амьдрал найруулж, урилгаар МУГЖ, "Хар сарнай" хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах, дуучин П.Баярцэнгэл, дуучин Д.Баярхүү нар оролцлоо. "Зүүн бүсийн хурд-2025" баяр наадмыг нээж Зүүн бүсийн зөвлөлийн дарга, Дорнод аймгийн Засаг дарга Шүхэртийн Ёл үг хэллээ. Түүний наадмын нээлтэд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 


Бахархан түүх, омогших алдар, хайрлах эх нутаг нэгтэй, элгэн садан

Эрхэм хүндэт Дорнод нутгийн зон олон минь

Эрхэм хүндэт Төрийн түшээд, зочид төлөөлөгчид өө

Эрхэм хүндэт Наадамчид аа

Монгол орныхоо өнцөг булан бүрд аж төрөн амьдран суугаа Эрхэм Та бүхэндээ

Монгол түмний үеийн үед гүнээ ёслон дээдлэх Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Дорнод аймаг байгуулагдсаны 94 жил, “Зүүн бүсийн хурд-2025” үндэсний их баяр наадмын мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлж байна.

Уудам тал нутагтаа хотол олноороо налгар сайхан зусаж байна уу Та бүхэн минь?

Бид төрт ёсныхоо цэнгэлийн манлай Үндэсний их баяр наадмаа эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдэл, хүсэл мөрөөдөл, чин зориг, гүн бахархлынхаа бат илэрхийлэл болгож, үеэс үед өртөөлөн залгамжилж, эрхэмлэн сахисан өнө мөнхийн голомт нутагтаа ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна.

Эрхэм хүндэт наадамчид аа

Энэ жилийн манай аймгийн наадамтай “Зүүн бүсийн хурд" давхцсан тохиож, нутаг нутгийн хүчит бөхчүүд, мэргэн харваачид, газар газрын хурдан хүлэг, зүс нийлсэн морьд, гоёл хосолсон наадамчид хүрэлцэн ирж, дээдсийн уламжлалаар Сэцэн ханы Даншиг наадам болж байна.

Санбээсийн хүлэг, Галшарын унага, Нийгэм хонгорын угшил гээд эх орны зүүн зүг Сэцэн хан нутгийн удам сайт хурдан буянууд хуран цугларч наадамчин олны сэтгэлийн торгон жолоог мялааж байна.

Эрхэм хүндэт нутгийн зон олон минь ээ

Наадмаас наадам хүртэлх нэгэн жилийн эргэлтэд, хөдөлмөрч хичээнгүй ард иргэдийнхээ хичээл зүтгэлийн үр шимээр манай аймаг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Улсдаа 8 дугаар байрнаас 6 дугаар байранд эрэмбэлэгдэж, энэ онд Дорнод аймагт 2,6 сая толгой мал тоологдож, Дашбалбар сум улсын хэмжээнд хамгийн олон малтай сумын 9-д бичигдлээ.

Мөн манай халуун ам бүлээс олон сайчуул төрж, Улсын баяр наадмаар Монгол Улсын мэргэн, Монгол улсын харцага цолтнууд шинээр төрөн гарлаа.

Шинэхэн цолтнууд болох Улсын мэргэн Чагнаадоржийн Гандаваа, Улсын харцага Мөнхжаргалын Бэлгүтэй нартаа нийт ард иргэдийнхээ хамт халуун баярыг хүргэж байна.

Улс, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлаг гавьяа байгуулсан үе үеийн удирдагчид, эрэлхэг баатруудаа бид мартах учиргүй.

Эдгээр түүхэн удирдагчийн нэг бол Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин маршал Хорлоогийн Чойбалсан юм. Түүний мэндэлсний 130 жилийн ой Ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
 


Монгол хэмээх улсыг ертөнцийн чихнээ дуурсгаж, тэмцэл ялалтын гайхамшигт их түүхийг бүтээж, улс орныхоо ирээдүйн төлөө бүхий л амьдрал, сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулсан ахмад үеийнхээ алдар гавьяаг бахархаж, ястан угсаатны түүхээрээ омогшин Дашбалбар, Баяндун сумд түүхт 100 жилийн ойгоо, Цагаан-Овоо сум түүхт 90 жилийн ойгоо, Хөлөнбуйр сум түүхт 80 жилийн ойгоо тус тус тэмдэглэж, Дорнод нутгийнхан хотол олон, ураг садан, халуун ам бүлээрээ хуран цугалж хамтдаа өнгөрсөн түүхээ дүгнэж, ирээдүйн зорилтоо тодорхойлж, гурван цагийн алтан хэлхээний учир холбогдлыг эдүгээ ба хойч үеийнхэндээ сануулан таниулсан тэгш ойнуудаа тэмдэглэн өнгөрүүллээ.

Дорнод нутгийн Халх, Буриад, Үзэмчин, барга угсаатнуудын эв нэгдэл, эрх чөлөө, үүх түүх, үнэт зүйл, өв соёл, оюун санааны охь шим, хүн төрөлхтний соёлын үнэт өвийг өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяаны илэрхийлэл болсон үзэмчин угсаатны "Алтан дөрөө" олон улсын наадмыг Дорнод аймгийн Сэргэлэн суманд зохион байгуулсан бол Барга угсаатны "Баргажин" олон улсын наадам Төв аймгийн Зуунмод суманд ирэх 8 дугаар сард болох гэж байна.

"Монгол наадам” бол монголчуудын бахархалт түүх, өөрсдийн бүтээсэн гайхамшигт соёл, ёс заншлын илэрхийлэл билээ.

Тийм ч учраас тухайн жилийн өнгөө хүчит бөх, эрхий мэргэн харваач, хурдан шандаст хүлгийнхээ өнгөөр тодорхойлж, сайн сайхан ололт амжилтаа хэлэлцэн хөөрч, өвлийг өнтэй давах, намрын их бэлтгэлдээ ханцуй шамлан ордог билээ. Энэ ч утгаар Та бид аймаг, орон нутгаа хөгжүүлэх эрхэм зорилгынхоо төлөө хамтдаа томоохон алхамуудыг хийж, наадмаас наадмын нэгэн жилийн, 4 улирлын эргэлтийг үдэж байна. Энэ хугацаанд

Дорнод аймаг хүний хөгжлийг дэмжсэн нийгмийн салбарын төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, улсдаа жишиг болж, үндэсний хэмжээнд хэрэгжиж байна.

Тухайлбал, багийн бага сургууль төсөл, багшийн туслах төсөл, хүн болох багаасаа төсөл, төрийн албан хаагчдын орон сууц зэрэг төслүүдийг бид өөрсдийн сум, орон нутгийнхаа нөөц боломжид тулгуурлан эхлүүлж байсан бол өдгөө 21 аймаг, сумдад хэрэгжиж эхлэн Монгол Улсын маань иргэн бүрд хүртээмжтэй болж байгаад талархалтай байна. Энэхүү амжилт бол салбар салбартаа өөрсдийн ажил мэргэжилдээ үнэнч, шударга, хичээнгүй ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчид, баялаг бүтээгчдийн маань ажлын үр дүн юм.

Монгол Улсын Засгийн газраас ирэх 2026 оныг Хүний хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Тэгвэл Дорнодынхон бид энэхүү бодлогыг өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлж ажилласны үр дүнд улсдаа жишиг болж байгааг онцлон дурдмаар байна.

Мөн Бидний өмнө нэн тулгамдаж байсан амин зүрх, судас болсон эрчим хүч, цэвэр ус, дулааны шугам сүлжээгээ шинэчлэх, шугам хоолойг өргөтгөх зэрэг суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, олон жил хүлээгдсэн Ульхан, Хавирга боомт чиглэлийн хатуу хучилттай автозам зэрэг зүүн бүс нутгийн хөгжилд өндөр хувь нэмрээ оруулах төслүүдээ хэрэгжүүлж эхэлсэн түүхэн жил байлаа. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цагт 120 куб метр асфальт үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж ашиглалтад оруулснаар Хот доторх авто замаа бүрэн шинэчлэхээр төлөвлөөд байгааг дуулгая.

Ирэх жилүүдэд ч Дорнод нутагт маань ажил хөдөлмөрийн хөлс ханхалж, их бүтээн байгуулалтын дуу үргэлжлэн цангинасаар байх болно.

Тухайлбал Монгол Улсын Засгийн газраас Дорнод аймгийн Матад суманд нар салхины 20МВт-ын цахилгаан станцыг барих ажил, Чойбалсан хотын төв цэвэрлэх байгууламжийг 10000 м3 хүчин чадалтай иж бүрэн шинэчлэх ажлыг Польш улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар эхлүүлэх бол Хавирга хилийн боомтыг олон улсын зэрэглэлтэй болгон өргөтгөх зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг дурдахад ийм байна.

Аймгийн ажил сумаас, сумын ажил багаас гэдэг бид сумдад ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчин, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, ЖДҮ-лэлийг хөгжүүлэх бодлогыг барьж, бүх сумандаа дулааны нэгдсэн шугам сүлжээг байгуулах бол, өдгөө төрийн албан хаагчдын орон сууцыг барих, бүтээн байгуулалтын ажлыг ид өрнүүлж, сумандаа тохь тухтай амьдрах эхлэлийг тавьж байна.

Ингэж бид аймгийнхаа суурь дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэснээр ирээдүйн олон жилийн хөгжлийн үндсийг тавьж, хойч үедээ хүлээлгэн өгч байгаа юм.

Аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө халуунд халж, хүйтэнд хөрж, бүтээж, босгож ирсэн ард иргэд, өлдар гавьяатнууд, нийт баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдэдээ баярын энэхүү өдөр гүн талархал илэрхийлье.
 

Эрхэм хүндэт наадамчид аа

Түүх соёл, төрт ёсны дайчин уламжлалтай манай ард түмэн, эх оронч, эрэлхэг зоригт өвөг дээдсийнхээ бахдам гавьяа, бахархам үйлсийг зуун зуунаар түүчээлэн өртөөлж, төр улсаа бататган бэхжүүлж, дэлхийн дайдад суу алдраа дуурсгасаар байна.

Хурмаст тэнгэр хур бороогоо хайрлаж, газар дэлхий өнгө гэрлээ асааж,

Монгол хүн бүр уламжлалт соёл, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж,

Шинэ цагийн хөгжил дэвшил, шинжлэх ухаан технологийн эрин үеийн ололттой хөл нийлүүлэн алхах сайхан цаг үе айлчлан ирээд байна.

Хөгжлийг бид биетээр төсөөлөх биш. Хөгжлийг бид оюун санаанаасаа ургуулцгаая.

Нутаг ус, хүн ард, уул усаа баясан цэнгүүлэх Дорнод аймаг байгуулагдсаны түүхт 94 жилийн ой, "Зүүн бүсийн хурд-2025" үндэсний баяр наадам ийнхүү нээснийг мэдэгдье.

Дорнод нутгийн зон олон, ахан дүүс Та бүхэн минь Монгол түмний их баяр цэнгэл, наадамдаа

Эрэмгий хүчит бөхчүүдийн маань бяр мэх нь даацтай байж

Эгэлгүй хийморьт хүлгийн хурд шандас нь эрчтэй байж

Эрхий мэргэн харваачдын цэц мэргэ нь ончтой байж

Хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. UROLOGIST(102.89.82.38) 2025 оны 07 сарын 30

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Michael Gard(208.115.211.59) 2025 оны 07 сарын 29

ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA...\nTOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. ”” OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza.\nKONTAKT PODACI:\nWhatsApp: 385-9156-08706\nE-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}

0  |  0
Зочин(103.212.116.197) 2025 оны 07 сарын 29

Үнэхээр чадал чинь хүрцгээвэл хийснээрээ л гайхуулцгаа

1  |  0
Close menu