БНХАУ бямба гарагаас эхлэн (2020.11.28) Австралийн импортын дарсанд 107.1 хувиас 212.1 хүртэл хувийн татвар ногдуулах боллоо гэж БНХАУ-ын Худалдааны яам өнөөдөр мэдээлжээ.
Өнгөрсөн наймдугаар сард Хятадын Дарсны аж үйлдвэрийн холбооноос гаргасан гомдлын дагуу Австралийн зарим дарсны импортыг шалгах болно гэж мэдэгдэж байсан билээ. Тухайн үед Австралийн дарсны салбар Засгийн газраасаа санхүүжилт авдаг тухай 40 гаруй гомдол гарсан ба шалгалтын явцад энэ нь батлагдсан гэж Хятадын Худалдааны яамны мэдэгдэлд онцолжээ. Ингэснээр Хятадын дотоодын дарсны үйлдвэрлэлд хохирол учирсан гэж Хятадын тал үзэж байна.
Хятад улс нь Австралийн дарсны хамгийн том зах зээл тул Австралийн дарсны өөрийн өртгөөс хоёроос гурав дахин өндөр татвар ногдуулснаар Австралийн дарсны салбарт маш хүнд цохилт боллоо гэж Австралийн тал мэдэгджээ.
Өнгөрсөн есдүгээр сард дууссан санхүүгийн жилд Австралийн дарсны экспортын 39 хувь нь Хятад улсад ногджээ.
Австрали улс коронавирусний цар тахлын эх үүсвэрийн талаар олон улсын нээлттэй шалгалт явуулахыг уриалсан нь тус хоёр улсын харилцааг хурцатгахад хүргэсэн юм. Үүнээс өмнө Хятад улс Австралийн үхрийн махны импортод хязгаарлалт тавьж, арвай буудайд өндөр татвар ногдуулсан билээ. Үүний хариуд Австралийн тал Хятадын компаниудад сүүн бүтээгдэхүүн худалдахыг хязгаарласан юм.
Сэтгэгдэл ( 0 )