ДЭЛХИЙН ТОЙМ: Австрали, Хятадын худалдааны “дажин”

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 17

БНХАУ-ын Гуанжоу хотын Ардын шүүх Австралийн иргэн Карм Жилеспид цаазын ял оноосон нь тус хоёр улсын харилцаа хурцадсан явдалтай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Тэрбээр 2013 онд Хятад улсын хилээр гарахдаа 7.5 кг мөс гэгддэг синтетик хар тамхи зөөвөрлөсөн гэх хэрэгт унаад буй. БНХАУ, Австралийн харицаа муудахаас өмнө баривчлагдсан ч энэ сарын 13-нд түүнд цаазын ял оноосон нь тус хоёр улсын харилцаанд үүссэн сэв түүний хэрэгт нөлөөлсөн гэх хардлагыг төрүүлэв. Энэ сарын 16-нд Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Хятад улсыг Карм Жилеспид оноосон цаазын ялыг гүйцэтгэхээс татгалзахыг уриалсан бол БНХАУ-ын Гадаад хэргийн яам Жилеспид Хятадын улсын хуулийн дагуу цаазын ял оноосон бөгөөд тус хоёр улсын харилцааны өнөөгийн байдалтай огт холбоогүй хэмээн хариу мэдэгджээ. Марк Жилеспитэй холбоотой хэрэг Канберра, Бээжингийн хооронд хурцдаад байгаа харилцааны нөхцөл байдал “дайран дээр давс нэмсэн” хэрэг болов. Хоёр талын худалдааны маргаан, коронавирусний халдвар дэгдсэнтэй холбоотой Хятад улсыг шалгах олон улсын уриалгыг Австрали улс анх гаргасан нь хоёр улсын харилцааг хурцатгахад хүргээд байгаа билээ.


Австралид хэрхэн хүлээн авав

Энэ уриалга гарсан даруйд Австралийн тэргүүн баян санхүүгийн магнат Керри Стоукс өөрийн эзэмшдэг “West Australian” сонины эхний нүүрийг “хамгийн том орлогын эх үүсвэрийг” чичихгүй байхыг анхааруулахад зориулсан бол уул уурхайн магнат Эндрю Форрест аливаа шалгалт, судалгааг хойшлуулахыг уриалж байв. Австралийн Гадаад хэргийн сайд асан Боб Карр, Гарет Еванс нар шаардлагагүй хурцадмал байдал үүсгэсэнд Канберраг шүүмжилсэн. Үүнтэй зэрэгцэн тус улсын сангийн сайд Тим Паллас худалдааны хамгийн том түнш улсыг харлуулж, дотоодын экспортлогчдын боломжийг үгүй хийсэн гэж холбооны Засгийг газраа буруутгасан билээ. Гэвч Бээжин Австралийн эдийн засгийн гол салбаруудад дарамт үзүүлэхийн хэрээр Австралид Хятадын байр суурийг ойлгож хандахыг уриалж байсан дуу хоолой намжив. Бээжин Австралийн үхрийн мах, арвайн импортод хязгаарлалт тавьж, иргэддээ тус улсад зорчих, суралцахаас татгалзахыг зөвлөсөн нь Хятадын талаар дипломат байр суурь баримталдаг ажиглагчдад ч хүртэл мэдрэгдэх эгдүүцэл, айдас төрүүлэв. Хятадын тэрбумтан Шяньмо Хуаны хандиваар байгуулагдсан Австрали, Хятадын харилцааны хүрээлэнгийн захирал Жеймс Лоренсесон Хятадын энэ алхмыг “дипломат алдаа” гэж нэрлэжээ. Хятадын Боловсролын яам залууст хандан коронавирусний халдварын улмаас Австралид Ази гаралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдал нэмэгдсэнийг анхаа­руулж, тус улсад суралцах сонголт хийхдээ болгоомжтой хандахыг уриал­сан. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Хятадын Соёл, аялал жуулчлалын яам Австралид аялахгүй байхыг зөвлөж байсан юм. Австрали дахь азиудад олон жилийн турш тулгарсаар ирсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудлыг тодотгохын сацуу Бээжингийн энэхүү мэдэгдэл коронавирусний гарал үүслийг шалгах санаачилгад хариу барина гэсэн дохио байв. Хятад улс хориг арга хэмжээ авах бүрд Австрали нүдээ аньдаг тул Австрали, Хятадын худалдааны дайн тэнцвэргүй өрнөж байна гэж шинжээчид үзэж байна.

Хятадын сүрдүүлэг ба үйлдэл

Өнгөрсөн сард Бээжин Австралийн арвай буудайнд 80 хувийн гаалийн татвар ногдуулж, Австралийн мах бэлтгэлийн дөрвөн компаниас мах импортлохыг зогсоосон. Хэдийгээр Бээжин үүнийг хорио цээрийн дүрэм журмыг зөрчсөн, худалдааны шударга бус практиктай холбон тайлбарласан ч үүнээс өмнө Хятадын элчин сайд Чэнь Жинье Канберрагийн санаачилгын хариуд Хятадын хэрэглэгчид Австралийн бүтээгдэхүүнийг бойкотлоно гэж сүр­дүүлж байв. Хятадын жуулчин, оюутны тоо буурах нь Австралийн аялал жуулчлалын салбар төдийгүй боловсролын салбарт хүнд цохилт үзүүлэх нь дамжиггүй. Коронавирусний цар тахал дэгдэхээс өмнө жилд Хятадын 1.4 сая иргэн тус улсад аялж, 8.3 тэрбум ам.долларын орлого оруулдаг байв. Хятадын оюутнууд тус улсад суралцаж буй гаднын оюутнуудын 11 хувийг бүрдүүлдэг байна. Хятадын зүгээс авч буй арга хэмжээ Хятадтай хамтран ажилладаг, Хятадын дэмждэг бизнесийн эсрэг чиглэсэн учир ихээхэн цочирдуулж, урам хугалсан гэж Мельбурний их сургуулийн Хятад судлаач Делиа Линий хэлжээ. Сүүлийн жилүүдэд Хятад, Австралийн харилцаа ихээхэн сорилттой тулгарч буй. Харин Австралид үндэсний аюулгүй байдлын асуудал, эдийн засгийн эрх ашгийг жинлэхэд хүрсэн. АНУ-ын гол холбоотны нэг Австралид хөндлөнгийн оролцоотой тэмцэх тухай хууль батлах, харилцаа холбооны 5G сүлжээнд Хятадын Huawei компанийг хориглох, аюулгүй байдлын эрсдэлтэй гаднын компаниудыг зарах бүрэн эрхээ өргөжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлэхэд хүрсэн билээ.

Давхар цохилт

Тус хоёр улсын хооронд өрнөөд буй худалдааны дайн Австралийн тэргүүлэх ач холбогдолтой экспортын бүтээгдэхүүн болох төмрийн хүдэрт хүнд цохилт өгөх эрсдэл үүсээд байна. Энэ сараас эхлэн Хятадын тал гаалийн хяналт шалгалтын шинэ процедур, дүрэм нэвтрүүлсэн бөгөөд ингэснээр Австралийн хүдрийн экспортыг хазаарлах зорилготой гэж шинжээчид үзэж байна. Харин Австралийн уул уурхайн компаниуд болон тус улсын худалдааны сайд гаалийн хяналт шалгалтын шинэчилсэн журам Австралийн төмрийн хүдрийн импортыг хөнгөвчилнө гэж итгэж байна. Харин үүнтэй зэрэгцэн Хятадын Коммунист намын төв хэвлэл болох “Global Times” сонин Канберра, Бээжингийн улс төрийн харилцаа муудсан нь Австралийн төмрийн хүдрийн импортод нөлөөлнө гэж сүрдүүлсэн байдаг. Энэ нь Хятадын өгч буй битүүхэн анхааруулга гэж Ляочэн их сургуулийн Номхон далайн арлын орны судалгааны төвийн ахлах судлаач Ю Луй тус сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Хятад улс нь дэлхий дээрх төмрийн хүдрийн хамгийн том хэрэглэгч. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар тус улс нийт 358.4 сая төмрийн хүдэр импортолжээ. Харин Австрали нь төмрийн хүдрийн хамгийн том нийлүүлэгч бөгөөд Хятадын хүдрийн импортын 62 хувийг дангаараа хангадаг байна. Дэлхийн төмрийн хүдрийн зах зээл хэтэрхий хязгаарлагдмал тул Австралийн импортыг тийм ч хялбар бөгөөд түргэн орлуулж чадахгүй. Хятадын хоёр дахь том нийлүүлэгч болох Бразилын төмрийн хүдрийн үйлдвэрлэл КОВИД-19 халдварын улмаас 25 хувиар буураад байна. Хятадын Коммунист намын төв хэвлэл “Global Times” сонин Австралийг илүү уужуу сэтгэл гаргаж, худалдааны хамгийн том түнштэй харилцаагаа “засварлах” арга хэмжээ авахыг уриалсан. Хятад улсад Австралийн эдийн засгийг “чимхэх” хангалттай хүч бий ч худалдааны дайнд түрүүлж гал нээдэггүй. Өмнөх туршлагаас үзвэл Хятад улс эхэлж өдөөн турхирсан алхам хийдэггүй ч КОВИД-19-той холбоотой шалгалтыг худалдаатай хольж, хутгах аливаа оролдлого хурцадмал байдлыг улам дэвэргэж, хоёр улсын харилцааг замаас гаргах аюултай.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top