Худалдааны дайнаас технологийн дайн руу

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх лхагва гарагт буюу энэ сарын 15-нд Хятад улстай худалдааны гэрээ байгуулав. Хэдийгээр үүнийг Трамп чухал ялалт гэж тунхаглаад байгаа ч дэлхийн хамгийн хүчтэй эдийн засаг бүхий тус хоёр улсын хооронд хоёр жил үргэлжилж буй худалдааны маргааны эцэст энэ ялалт хэтэрхий их үнээр олдож байна гэж шинжээчид үзэж байна.

АНУ, БНХАУ-ын хооронд шийдвэрлэгдээгүй хүнд асуудлууд хэвээр байна гэж АНУ-ын Гадаад харилцааны зөвлөлийн худалдааны бодлогын шинжээч Эдвард Олден онцолж байна. Улс төрийн хувьд энэ нь ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дахин хүч үзэх Трампын талд ашигтайгаар эргэсэн. Цагаан ордон Хятадад хатуу шахалт үзүүлсний үр дүнд гэрээ байгуулсан гэж цээжээ дэлдэнэ. Ямартаа ч худалдааны дайны галыг зогсоосон нь 2018-2019 онуудад байнгын харилцан заналхийлэл, гаалийн тарифын давалгаанд цухалдсан зах зээлд итгэл найдварын оч ассан. Түүнчлэн, энэхүү эвлэрэл Америкийн эдийн засгийг сэргээж, Трампын сонгуулийн сурталчилгаанд тус дэм үзүүлэх нь дамжиггүй. Тодорхойгүй байдал замхарснаар хэрэглэгчид хэрэгцээндээ илүү зарцуулах итгэл өгч, бизнесүүдэд сөргөлдөөний үеэр болгоомжлох үүднээс зогсоогоод байсан хөрөнгө оруулалтаа сэргээх боломж мөн олгож байна. Шинэ жилийн босгон дээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 15-нд худалдааны гэрээний эхний үе шатны баримт бичигт гарын үсэг зурсан билээ.

Хэлэлцээрийн заалтууд

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ Вашингтонд энэ сарын 13-15-ны хооронд айлчилж баримт бичигт гарын үсэг зурсан. Ням гарагт АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин эл баримт бичгийг “түүхэн” хэмээн нэрлэв. Анх удаа АНУ-ын тал Хятад улстай технологи, хөдөө аж ахуй, санхүүгийн үйлчилгээг тусгасан өргөн хүрээний хэлэлцээрийг байгуулж байна гэж тэрбээр онцолж байв. Түүний хэлснээр, энэ нь бодит хөдөлгөгч механизм бөгөөд Трамп ерөнхийлөгчийн хувьд том ялалт юм.

Цагаан ордны мэдээлж буйгаар, энэхүү хэлэлцээр Бээжингийн зүгээс гаднын компаниудад технологи шилжүүлэх тал дээр тавьдаг шаардлагын чиглэлээр дэвшилд хүрч, Хятадын санхүүгийн үйлчилгээний зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлжээ. Үүний сацуу Бээжин ирэх хоёр жилд нэмж 200 тэрбум ам.долларын үнэ бүхий Америкийн бараа бүтээгдэхүүн худалдан авахаас 50 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн эзэлж байна. Үүний хариуд Трампын засаг захиргаа Хятадын цахилгаан хэрэгсэл, гар утас зэрэг бараа бүтээгдэхүүнд өнгөрсөн сараас эхэлж ногдуулсан гаалийн нэмэлт татвараа цуцлахаар боллоо. Түүнчлэн, өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нд Хятадын 120 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулсан гаалийн татварыг тавин хувиар бууруулах амлалт өгсөн аж.

Гэсэн хэдий ч ихэнх тариф хүчин төгөлдөр үлдэж, АНУ-ын бизнес шахалтад орсон хэвээр. Энэхүү хэлэлцээр өндөр үнээр олдсон “хагас” ялалт гэж Корнеллийн их сургуулийн профессор Эсфар Прасад үзэж байна. “Трамп АНУ-ын эдийн засаг, найдвартай худалдааны түнш гэсэн олон улсын байр сууриар дэнчин тавьж Хятад улсыг зарим тал дээр буулт хийлгэсэн.

Худалдааны дайнаас болж Хятадын эдийн засгийн өсөлт мэдэгдэхүйц удааширсан бөгөөд Америкийн үйлдвэрлэгчид, газар тариалан эрхлэгчид энэ дайны хохирлыг мөн л амссан.

Хөдөө аж ахуйн салбарын хохирлыг бууруулахын тулд Трампын засаг захиргаа 2018-2019 онуудад газар тариалан эрхлэгчдэд нийт 28 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээс өөр аргагүйд хүрсэн. Тиймээс хэлэлцээрийн дагуу Хятад улсын худалдан авалт Америкийн үйлдвэрлэгчид, газар тариалан эрхлэгчдэд учруулсан хохирлыг нөхөж чадахгүй л болов уу. Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн АНУ-ын аж үйлдвэрийн салбар уналтад ороод байгаа билээ.

Трамп тарифын дайн эхлэх болсон нэг гол зорилго нь АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулах, худалдааны шударга бус жишгийг зогсоох явдал байсан. Гэтэл Вашингтон чухал бүтцийн өөрчлөлтийн тал дээр дэвшилд хүрсэн гэдэгт шинжээчид эргэлзсээр. Хятад улс компаниудад олгож буй улсын дотацыг бууруулах зэрэг Трампын засаг захиргаанаас тавьж буй томоохон шаардлагуудад буулт хийхгүй л болов уу. Тиймээс талууд ялалт бус хүлээж авах боломжтой хэлэлцээрт л хүрсэн гэж хэлэх нь илүү бодит байдалд нийцэх юм.

Тус хоёр улсын хоорондын сөргөлдөөн ирэх жилүүдэд, ирэх 10 жилд, 20 жилд түүнээс ч цааш сөргөлдөөн, эвлэрэлээр ээлжлэн үргэлжлэх болно гэж шинжээчид үзэж байна.

Худалдааны дайн биш

Учир нь дэлхийн хүчирхэг хоёр гүрэн хүйтэн дайнаас хойш гарч байгаагүй дэлхийн эдийн засгийн үндэс суурийг ганхуулах илүү том тогтолцооны өрсөлдөөнийг эхлүүлээд байна. Энэ нь технологийг тойрсон тулаан. Хятадын хувьд ч тэр, АНУ-ын хувьд ч тэр хиймэл оюун ухаан, робот технологи, хагас дамжуулагч болон бусад өндөр технологи зэрэг ирээдүйн салбарт тэргүүлэх байр суурийг олж авах нь хамгаас чухал болоод байна. Хятадын харилцаа холбооны “Huawei” компанийн хөгжүүлсэн 5G утасгүй технологийг нэвтрүүлэхийг хазаарлах зорилгоор Вашингтоны зүгээс дэлхий даяар явуулж буй кампанит ажиллагаа нь үүнийг гэрчилнэ.

Харилцаа холбооны технологийн амин чухал сэлбэг хэрэгсэл болох хагас дамжуулагчийн тухайд Вашингтон “Huawei” компанийг хазаарлах бүхий л арга чармайлт гаргаж байгаа. 2018 онд гэхэд “Huawei” компани нийт 70 тэрбум ам.долларын өртөг бүхий хагас дамжуулагч худалдан авснаас 11 тэрбум ам.долларыг АНУ-ын “Qualcomm”, “Intel”, “Micron Technology” компанийн бүтээгдэхүүнд зарцуулжээ. “Huawei” компанид АНУ-ын технологи худалдан авахад нь хатуу хяналт, хязгаарлалт тавьснаар технологийн салбар дахь шилжилтийг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, тус компани өөрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн юм.

Технологийн салбар дахь үндсэрхэг бодлого

Технологийн дайн хурцдахын хэрээр АНУ болон түүний түүхэн холбоотнууд аж үйлдвэрийн шинэ бодлого гаргаж ирэх нь дамжиггүй. Европын Холбоо Бээжинтэй өрсөлдөхүйц, Хятадын 5G болон шинэ үеийн технологийн стандартыг дэлхийд тогтоох Хятадын хүчин чармайлтыг хазаарлах АНУ-ЕХ-ны трансатлантын эдийн засгийн загварыг бий болгохыг уриалсан нь үүнийг илтгэж байна. Үүний сацуу Брюссель Олон улсын харилцаа холбооны холбоо болон Олон улсын стандарчиллын байгууллагад өөрийн нөлөөллийг бий болгох Хятадын амбицыг сөрөхийн тулд АНУ-тай хүчээ нэгтгэх шаардлага буй онцолж байсан.

Тэгвэл Хятадын зах зээлд нэвтрэх шинэ боломжийг үгүй хийлгүйгээр өөрийн зорилгодоо хэрхэн хүрэх вэ? Саяхан Герман улс Хятадын “Yantai Taihai Group” компанид Германы “Leifeld Metal Spinning AG” компанийн бүтээгдэхүүн худалдан авахад нь хориглосон хэрнээ Хятадын зах зээл дээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлж буйгаа илэрхийлж байсан. Энэ бол нарийн төвөгтэй тоглоом бөгөөд бидний шинэ бодит байдал. Үүнтэй зэрэгцэн Вашингтон “Huawei” компанийн  5G сүлжээний өрсөлдөгч болох Европын “Nokia”, “Ericsson” компаниудыг санхүүжүүлэх арга замыг хайсаар. Ингэснээр Хятадын төрийн банкны олон тэрбум ам.долларын шугам, технологийн санхүүжилтийн ачаар Хятадын “Huawei” компанийн үйлдвэрлэх өндөр чанартай, хямд өртөгтэй бүтээгдэхүүнтэй өрсөлдөх зорилготой.

Хятад улсын танилцуулсан “Made in Japan 2025” төлөвлөгөөнд ирэх 10 жилд тус улс 300 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг энэ салбарт хийхээр төлөвлөж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс дэлхийн хамгийн том өндөр хурдны төмөр замын сүлжээ, хиймэл дагуул хөөргөх “BeiDou” систем болон дэлхийн хамгийн том харилцаа холбооны “Huawei” компанийг байгуулсан билээ. Энэ бүх амжилтад 15 жил буюу харьцангуй богино хугацаанд хүрсэн нь Хятадын асар том зах зээл, хүний асар их нөөцийн илтгэж байна. “Huawei” компани гэхэд 10 мянган инженертэйгээс гадна зөвхөн 2018 онд гэхэд судалгаа, хөгжүүлэлтэд нийт 15 тэрбум ам.доллар зарцуулсан билээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.117.220) 2020 оны 01 сарын 17

Трамп дангааршиласаа татгалзсан бололтой дэлхийн засгын газар байгуулж харь гаригын колончлолоос сэргийлэх бодлого явуулж байгаа ч юм билүү сансарын цэрэг гэх мэт

0  |  0
Zochin(103.212.117.220) 2020 оны 01 сарын 17

Трампийн зорилго глобалчлалаас америкийг авч үлдэх монголоор бол монголчлох

0  |  0
Зочин(202.9.47.9) 2020 оны 01 сарын 17

АНУ Хятад улстай технологийн дайн хийж өрсөлдөх нь маш зөв. Трамп мундаг удирдагч.

0  |  0
Top