АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Канад, Мексикийн бараа бүтээгдэхүүнд 25 хувь, Канадын эрчим хүчний эх үүсвэрт 10 хувь, Хятадын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулна хэмээн өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн.
Трампын мэдэгдсэнээр, энэхүү арга хэмжээ нь АНУ руу урсаж буй хар тамхины урсгалыг зогсоох амлалтаа биелүүлэхийг шаардах зорилготой. Үүний хариуд Канад, Мексик улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнд ижил хэмжээний татвар ногдуулна хэмээн мэдэгдсэн бол Хятад хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалахын тулд хариу арга хэмжээ авна гэв.
Эл алхмууд автомашинаас авхуулаад ган, хүнсний бүтээгдэхүүн зэрэг бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүргэж, дэлхийн худалдааны дайны шинэ эрин үеийн эхлэлийг тавьж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Харин Трамп хариу арга хэмжээ авсан орнуудын эсрэг татварын бодлогоо улам чангатгана хэмээн анхааруулж байна.
Өнгөрсөн онд АНУ-ын импортын 40 хувийг Канад, Мексик, Хятадын бараа бүтээгдэхүүн бүрдүүлжээ. Канад нь АНУ-ын импортолж буй түүхий газрын тосны 61 хувийг нийлүүлжээ.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-аас экспортолж буй 155 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтэгдэхүүнд 205 хувийн гаалийн тариф ногдуулна хэмээн мэдэгдсэн. Өнөөдрөөс /2025.02.03/ эхлэн 30 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн ногдуулах тариф хүчин төгөлдөр болж байгаа бол бусад бараа бүтэгдэхүүнд гурван долоо хоногийн дараа татвар ногдуулж эхэлнэ. Тэрбээр АНУ, Канадын хил АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна гэсэн мэдэгдлийг үгүйсгэв. АНУ-д хууль бусаар орж ирж байгаа фентанилын нэг хүрэхгүй хувь Канадаас орж ирдэг байна. Мөн АНУ-ын хилээр нэвтэрч буй хууль бус цагаачдын нэг хүрэхгүй хувь нь Канадаас очиж байгаа хэмээн Трюдо тодруулсан байна.
Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум Мексикийн засгийн газар гэмт бүлэглэлүүдтэй хэлцэл хийсэн гэх Трампын мэдэгдлийг няцааж, АНУ-д хандан Мексикийн гэмт бүлэглэлүүдэд зэвсэг хууль бусаар нийлүүлж буй явдлыг таслан зогсоохын тулд илүү их хүчин чармайлт гаргахыг уриалжээ. Асуудал татвар ногдуулснаар бус харин ярих хэлэлцээгээр шийдэгддэг хэмээн Шейнбаум онцолсон байна. Мексикийн тал АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаар төлөвлөжээ.
БНХАУ Трампын шийдвэр Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчиж байна гээд ДХБ-д гомдол гаргахаас гадна өөрийнхөө эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд хариу арга хэмжээ авна гэж мэдэгдлээ. Худалдааны болон тарифын дайнд ялагч гэж үгүй хэмээн БНХАУ-ын гадаад харилцааны яамны мэдэгдэлд онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )