БНХАУ-тай АНУ-ын тогтоосон хоёр талын худалдааны шударга бус харилцааны улмаас Хятад улс олон жилийн турш олон тэрбум долларын ашиг олж ирсэн учраас Хятадын ардын чөлөөлөх армийг шинэчлэн бэхжүүлэх үйл явцыг үнэн хэрэгтээ АНУ өөрөө санхүүжүүлсэн юм гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
“БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй би маш сайн харилцаатай. Бид хоёр Америкийн хувьд ч, Хятадын хувьд ч сайн гэрээ байгуулж чадна гэж найдаж байна. Гэхдээ энэ нь шударга гэрээ байх ёстой. Олон жилийн туршид хятадууд 500, 600, 700 тэрбум ам.долларын ашиг олж байсан бол бид юу ч хүртэж байсангүй. Үнэнийг хэлэхэд бид тэдний армийг бэхжүүлсэн” гэж Трамп тэмдэглэжээ. “Харин одоо бид шударга гэрээ байгуулна. Бидний уулзалт амжилттай болно гэж бодож байна. Олон хүн үүнийг хүлээж байгаа. Гэхдээ уулзалт болохгүй ч байж магадгүй юм” гэж тэр нэмж хэлсэн байна.
Аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд Өмнөд Солонгост болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпинтэй уулзах бодолтой байгаа тухайгаа Трамп өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )