Канадын Ерөнхий сайд: Дэлхийн хуучин дэг журам эргэн ирэхгүй

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Канадын Ерөнхий сайд Марк Карни Давост Дэлхийн эдийн засгийн форумд үг хэлэхдээ дэлхийн хуучин дэг журам эргэн хэзээ ч ирэхгүй тул дундаж хөгжилтэй орнууд том гүрнүүдийн өмнө эрх ашгаа хамгаалахын тулд нэгдэхийг уриалсан байна.

“Дундаж хөгжилтэй гүрнүүд хамтрах ёстой. Учир нь хэрэв бид ширээний ард суухгүй бол хоолны цэсэд орж байна” гээд их гүрнүүд хүссэнээ авахын тулд эдийн засгийн дарамт шахалт үзүүлж байна гэж онцолжээ.

Тэрбээр Канад улс Гринланд, Дани болон НАТО-д дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ.

Дэлхий дахин шилжилтийн бус харин хагарлын ид үед явж байна гэж Карни дурдаад их гүрнүүд эдийн засгийн интеграцийг зэвсэг болгон, тарифыг нөлөөлөх хөшүүрэг болгож, санхүүгийн дэд бүтцийг хүч хэрэглэх хэрэгсэл болгож, нийлүүлэлтийн гинжин хэлхээг өөрийн эрх ашигтаа нийцүүлэхийн тулд сул тал болгон ашиглах болсон гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, Канад улс нь газар зүйн байршил болон түүхэн харилцаа холбоо цаашид аюулгүй байдал болон хөгжлийн баталгаа болохоо больсон тэр аюултай дохиог сонссон анхны улс орнуудын нэг.

Карни ийн үг хэлэхдээ лхагва гарагт Давост үг хэлэх АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын нэрийг дурдаагүй ч зарим мэдэгдлүүд нь түүнд хаягласан байлаа гэж шинжээчид онцолжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top