Гринландын асуудлаас болж Давост хэлэлцэх асуудлын жагсаалтад өөрчлөлт оржээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Даваа гарагт Давос хотноо болох өрнөдийн орнуудын үндэсний аюулгүй байдлын зөвлөх нарын уулзалтын хэлэлцэх асуудлын жагсаалтад өөрчлөлт оруулж, Гринландыг тойрсон асуудлыг оруулсан тухай Financial Times хэвлэл эх сурвалж дурдан мэдээлжээ.

Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп АНУ нь Их Британи, Герман, Дани, Нидерланд, Норвег, Финланд, Франц, Шведийн бараа бүтээгдэхүүнд 10 хувийн импортын татвар ногдуулна гэж мэдэгдээд Вашингтон Гринландыг бүрэн бөгөөд эцсийн байдлаар авах тохиролцоонд хүрэхээс нааш зургаадугаар сарын 1-ээс татварын хувь хэмжээ 25 хувь хүртэл нэмэгдэнэ гэсэн билээ.

Үүний хариу арга хэмжээ болгон Европын Холбоо АНУ-ын эсрэг нийт 93 тэрбум еврогийн үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах боломжийг судалж байна. Энэхүү төлөвлөгөөг Европын удирдагчид Давосын дэлхийн эдийн засгийн форумын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай хийх уулзалтаас өмнө бэлдэж байна.

Европын Холбооны ихэнх орнууд хариу арга хэмжээгээр далайлгахаас өмнө асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх сонирхолтой байна. Financial Times хэвлэлийн эх сурвалжийн өгүүлснээр, Европын Холбооны хариу үйлдэл Америкийн конгрессменүүдийн зүгээс Трампт үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлнэ гэж найдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top