Дэлхийн эдийн засаг томоохон хямралын босгонд тулж ирээд байна. АНУ, БНХАУ-ын сөргөлдөөн дэлхийг өрнө болон дорно гэж хоёр хуваагдахад хүргээд байна. Хүн төрөлхтөн цар тахлаас ямар ч сургамж авсангүй. Украин дахь мөргөлдөөн төгсөх яагаа ч үгүй байна гэж НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш Давост нээгдсэн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дээр хэлсэн үгэндээ онцолжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өрнөдийн түншүүддээ зэвсэг нийлүүлэх хүсэлт тавьсан бол НАТО-ийн тэргүүн Йенс Столтенберг Киевт зөвхөн эв санааны нэгдлийн үүднээс бус ашиг сонирхлын үүднээс дэмжлэг үзүүлж байгаагаа хүлээн зөвшөөрөв. Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт даваа гарагт нээгдэж, нэгдүгээр сарын 20-нд өндөрлөнө. Форум “Хуваагдсан дэлхий дэх хамтын ажиллагаа” сэдвээр болж байна.
"Төгс шуурга"
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэлхий дахины өнөөгийн нөхцөл байдлыг хүйтэн дайны үеийнхээс ч дор хэмээн тодорхойлов. Мөргөлдөөнүүд хяналтаас гарахгүй гэсэн баталгаа олгох механизм улам бүр цөөрч байна. Манай дэлхий олон чиглэлээр “төгс шуурга” -тай нүүр тулаад байна. Тухайлбал, нийлүүлэлтийн гинжин хэлхээ алдагдаж, эрчим хүчний хямрал, үнийн өсөлт, инфляц, бодлогын хүүгийн өсөлт зэрэг асуудлууд тулгамдаж байна. Эдийн засагт коронавирусний цар тахлын нөлөө мэдрэгдсэн хэвээр байна. Гэтэл дэлхий дахин эрүүл мэндийн салбарт цар тахлаас сургамж аваагүйгээр үл барам ирээдүйд гарч болзошгүй асуудалд огт бэлэн биш байна.
Дэлхий хоёр хуваагдав
Дэлхий дахин эв нэгдлээс хол байна. Дэлхий дахин өрнө болон дорно гэж хоёр хуваагдаад байна. Үүнд олон асуудал, тэр дундаа хүний эрх, бүс нутгийн аюулгүй байдал зэрэг асуудалд санал зөрөлддөг АНУ, БНХАУ-ын хоорондын зөрчил хүргэсэн гэж Антонио Гутерриш мэдэгджээ. Түүний хэлснээр, НҮБ мөргөлдөөнд оролцогч талуудтай хүнс, бордоо экспортлох, энгийн иргэдэд тусламж үзүүлэх, олзлогсдыг солилцох, цөмийн объектуудын аюулгүй байдлыг хангах зэрэг тодорхой асуудлууд дээр хамтран ажиллаж байна.
Киевт зэвсэг, баталгаа шаардлагатай
Мягмар гарагт Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчдод цахимаар хандан Украины тэргүүн хатагтай үг хэлсэн бол лхагва гарагт /2023.01.18/ Владимир Зеленский мөн цахимаар оролцов. Тэрбээр өрнөдийн түншүүддээ хандаж, танк болон пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем нийлүүлэх хүсэлт тавьжээ. Үүнээс гадна санхүүгийн тусламж шаардлагатай байна. Тэрбээр Оросын агаарын цохилтын улмаас Украины эрчим хүчний дэд бүтэц сүйрч, ихээхэн хүндрэлтэй нүүр тулж байгаа тухай дурдав. Зеленский Украины НАТО-д элсэх асуудлыг дахин хөндөж, Умард Атлантын эвслийг өргөжүүлэх үйл явцыг хурдасгахыг уриалав. “Украин НАТО-д элсэх замд гарсан. Учир нь НАТО нь Украины хувьд аюулгүй байдлын хамгийн найдвартай баталгаа юм” гэж Зеленский онцолсон байна.
Өрнөдийн ашиг сонирхол
“Өрнөдийн улс орнууд Киевийн дэглэмийг зөвхөн Украины төлөө дэмжээгүй. Бид Украиныг өөрийн ашиг сонирхлын үүднээс мөн дэмжиж байгаа” гэж АНУ-ын Үндэсний тагнуулын албаны тэргүүн Эврил Хэйнс мэдэгдэв. Түүний хэлснээр, Украин дахь мөргөлдөөнийг дэмжих нь АНУ-ын хувьд ашиг сонирхолд нь нийцэж байна. Учир нь эл мөргөлдөөн ирээдүйд хуулийн засаглал, НҮБ-ын дүрэм болон дэг журмыг зөрчиж буй хямралыг шийдвэрлэх арга замын хувьд нөлөөлж байна. Түүнтэй санал нэг буйгаа НАТО-ийн тэргүүн Йенс Столтенберг илэрхийлэв. “Путин Украинд ялалт байгуулахгүй байх нь туйлын чухал. Учир нь Путины ялалт авторитар дэглэмүүдэд зорьсондоо хүрэхийн тулд хүч хэрэглэж, олон улсын эрх зүйг уландаа гишгэж болдог гэсэн дохио өгнө. Ингэснээр бид эмзэг болно” гэж онцлов.
Сэтгэгдэл ( 2 )
American. Utsav. Hujheldei. Gutaltai. Mal. Guterrish. archaagui. Novsh
ene Davosiin uulzaltand hyatad oros geh metiin tom ornuud orsongui dee. baruun amerikiin bodologiig demjdeg heden oron l irlee de. delhiin bodologod nolooloh baruunii ediin zasagiin hvch chadal buurch noloo ni buurch bna. sayd arabuud hvrtel dollaraas oor valtiar neftee hudaldan geed bna.. ukrainii dain baruunii moholiig ulam hurdasgaj bnaa..