Эдийн засгийн уналт, амьдралын өртгийн өсөлтөөс үүдэлтэй хямрал, өрийн хямрал нь ирэх хоёр жилд дэлхийн эдийн засгийн томоохон асуудлууд байх болно Дэлхийн эдийн засгийн форумын дэлхийн эрсдэлийн тухай илтгэлд онцолжээ.
Ирэх долоо хоногт Дэлхийн эдийн засгийн форум Давос хотноо болж, бизнесийн төлөөлөл, улс төрийн зүтгэлтэн, эрдэмтэд санал бодлоо солилцож, ирэх жилийн төлөвлөгөөг хэлэлцэнэ.
Дэлхийн эдийн засгийн форумын судалгааг 1200 хувийн хэвшлийн төлөөлөл, төрийн зүтгэлтэн, эрдэмтэн болон удирдагчдын хариултад үндэслэн гаргажээ. Судалгаанд оролцсон 10 оролцогч тутмын долоо нь ойрын ирээдүйд эдийн засгийн тогтворгүй байдал, олон тооны цочрол тодорхойлно гэж дүгнэж байна. Судалгаагаар дэлхийн эдийн засагт амьдралын өртгийн өсөлтөөс үүдэлтэй хямрал шууд тулгарч буй асуудал болж байгаа бол уур амьсгалын өөрчлөлт урт хугацааны ноцтой сорилт болж буйг харуулжээ. Дэлхийн эдийн засгийн форумын удирдах захирал Саадиа Захиди дэлхий дахин “чөтгөрийн тойрог”-т орох вий хэмээ н болгоомжилж буйгаа илэрхийлэв.
Ирэх долоо хоногт эхлэх Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хөгжилтэй орнуудад сүүлийн 40 жилд гараагүй өндөр инфляц, бодлогын хүүгийн өсөлтийн үед болно гэж Блүмберг агентлаг тодотгожээ.
Дэлхийн улс орнууд хамтран өнөөгийн хямралыг шийдвэрлэхгүй бол урьд өмнө байгаагүй хэмжээний нийгмийн гамшиг нүүрлэнэ гэж ДЭЗФ-ын шинжээчид анхааруулж байна.Учир нь эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн хөгжлийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ буурснаар нийгмийн хуваагдлыг улам бүр гүнзгийрүүлэх аюултай гэж шинжээчид сэрэмжлүүлж байна. Батлан хамгаалах салбарын зардлыг нэмэгдүүлсэн нь эмзэг бүлгийн айл өрхүүдэд үзүүлэх халамжийг буруулж, зарим орнуудыг “байнгын хямралд” оруулах эрсдэл үүснэ. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал алдагдах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлага хоёрт тавигдана. Муугаар бодоход гео эдийн засгийн дайн дахин цэрэгжихэд хүргэх бол геополитикийн өрсөлдөөн эдийн засгийг хазаарлаж, богино болон урт хугацааны эрсдэлийг гүнзгийрүүлнэ гэж Блүмберг агентлаг анхааруулсан байна.
Сүүлийн жилүүдэд экологийн асуудлууд урт хугацааны эрсдэлүүдийн дунд давамгайлах байр суурь эзэлж байсан. Өдгөө дэлхий дахин “поликризис” буюу олон хямралын үетэй нүүр тулгарч болзошгүй байна. Ийм эрсдэлийн нэг нь байгалийн баялгийн төлөөх өрсөлдөөнтэй холбоотой байх талтай. Учир нь дэлхийн улс орнууд хүнс, ус, эрчим хүчний төлөөх тулаанд ороод байна гэж Блүмберг онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )