Владимир Зеленский Давосын эдийн засгийн форумд үг хэлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 24

Украин хүнсний бүтээгдэхүүн экспортлогч орнуудын байгууллагыг үүсгэн байгуулах санал дэвшүүлж байна. Ингэснээр дэлхий дээр өлсгөлөнд нэрвэгдэх аюултай тэмцэх боломжтой гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Швейцарын Давос хотноо эхэлсэн Дэлхийн эдийн засгийн форум дээр хэлсэн үгэндээ онцолжээ.

Түүхэнд ямар ч нөхцөл үүссэн хүн төрөлхтөн өлсгөлөнгөөс даатгагдсан байх ёстой. Украин улс энэ байгууллагад үйл ажиллагаа явуулах талбар олгоход бэлэн гэж Зеленьский мэдэгджээ.

Тэрбээр олон улсын хамтын нийгэмлэгт хандан дэлхийн хүнсний хямралаас зайлсхийх үүднээс Украины боомтуудыг чөлөөлөхөд тусламж үзүүлэхийг уриалав. Оросын цэргүүд өдөр бүр үр тариа хулгайлж, бусад улс орнууд руу ачуулж байна. Тиймээс яаралтай хариу арга хэмжээ авах шаардлагатай байна. Украин улс гадаад хэргийн яамны түвшинд ажиллаж байна.

Тэрбээр ардчилсан улс орнуудад хандан ОХУ-ын ийм үйлдэлтэй тэмцэхэд нь туслалцаа үзүүлэхийг хүсжээ.

Зеленский Оросын зүгээс хими, биологи, бүр цөмийн зэвсэг хэрэглэхээс өмнө хориг арга хэмжээг чангатгахыг уриалав. ”Түрэмгийлэгчид дэлхий хангалттай эсэргүүцэл үзүүлэхгүй гэсэн сэтгэгдэл төрүүлэхгүй байх хэрэгтэй. Эрх чөлөө, дэлхийд хэрэгтэй дэлхийн хэв журмыг хатуу хамгаалъя. Хориг арга хэмжээ ч мөн адил хатуу байх учиртай. Орос болон хөршийнхөө эсрэг харгис дайн хийхийг хүссэн ямар ч түрэмгийлэгч ийм сэдэл юунд хүргэдгийг мэдэх ёстой. Гэтэл ийм хориг арга хэмжээг Оросын эсрэг өнөөг хүртэл аваагүй л байна” гэж Украины Ерөнхийлөгч мэдэгджээ.

Тэрбээр Оросын газрын тосыг хориглох, Оросын бүх банкийг бүрэн тусгаарлах, Оросын мэдээллийн технологийн салбараас татгалзах, түрэмгийлэгчтэй хийх худалдааг бүрэн зогсоох шаардлагатай гэв.

Олон улсын компаниудад хандан Зеленский Оросын зах зээлээс бүрэн гарч, цэргийн гэмт хэрэгтнүүдэд тэдний брэнд, офис, данс, бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх боломж олгохгүй байхыг уриалсан байна.

“Үнэт зүйлс ач холбогдолтой байх учиртай. Ялангуяа хэн нэгэн үнэт зүйлсийг үл тоомсорлосны улмаас бүрэн хэмжээний дайн эхэлж, дэлхийн зах зээл тогтворгүй болж буй энэ үед. Бүгд хохирол амсаж байна. Оросын зах зээлийг орхин гарч буй компани бүрийг Украинд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг санал болгож байна. Та бүгд 40 сая хэрэглэгчтэй манай зах зээл төдийгүй Европын зах зээлд нэвтрэх боломжтой болно. Эрх чөлөөг бодитоор дэмжсэний төлөө танай брэнд, байр суурь улам бэхэжнэ” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top