Украины Ерөнхийлөгч АНУ-ын төлөөлөгчидтэй Украин-Оросын энхийн хэлэлцээ хийх эсэх асуудлаар уулзжээ. Гурван цаг орчим үргэлжилсэн энэ уулзалтад Украины талаас Зеленськийгээс гадна Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Тамгын газрын нэгдүгээр орлогч, Гадаад тагнуулын газрын дарга нар байлцсан байна.
Уулзалтын дараа Украины Ерөнхийлөгч Влодимир Зеленський хэлэхдээ “Бид энх тайвныг хүсэж байгаа. Дайныг бүрэн дуусгах нь бидний зорилго. Гэхдээ ирэх өвөл дайн үргэлжилнэ. Бид бэлтгэлтэй байх ёстой” гэсэн байна.
Түүний хэлснээс харвал эхний уулзалт ямар нэгэн үр дүнд хүрээгүй бололтой. Энэ уулзалтын явцад “Патриот” пуужингаас хамгаалах систем зэрэг шаардлагатай зэвсэг, техникийн тусламжийг АНУ-аас нийлүүлэхийг хүссэн бөгөөд өвлийн улиралд дайны бэлтгэл ажлыг хангалттай хангах ёстой гэж Украины талаас үзэж байна.
Гэхдээ АНУ-ын төлөөлөгчид энэ уулзалтыг үр дүнтэй болсон гэж дүгнээд одоогийн үр дүнд сэтгэл хангалуун байгаа гэжээ. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Стив Виткофф цаашид гурван талт яриа хэлэлцээг үргэлжлүүлж, үр дүнд шаарлагатай гэж үзэж буй юм. Одоо АНУ-ын төлөөлөгчид Франц, Их Британи, Германы Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзана. Энэ уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгчид үр дүнг танилцуулж, ойрын хугацаанд гурван талт уулзалтыг АНУ-ын зуучлалаар зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Украины зарим хэвлэлийн мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ойрын хугацаанд В.Путин болон В.Зеленський нартай утсаар ярьж магадгүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )