НАТО: ОХУ дайрвал бүх хүчээрээ бут цохино

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Польш улсад болж буй Варшавын аюулгүй байдлын форумын үеэр НАТО-гийн Европ дахь холбоотны дээд командлагч, генерал Алексус Гринкевич “Хэрэв ОХУ дайрвал бид бүх хүчээрээ бут цохино” гэж мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ “Хэрэв тэд довтолбол бид бүх хүчээрээ бут цохиж, бүгдийг устгана. Бүгдийг гэдэгт цэргийн нөөц төдийгүй цэрэг, батлан хамгаалахтай холбоотой бүх зүйл багтана” гэсэн байна.

Гринкевичийн үзэж байгаагаар НАТО-гийн гишүүн аль нэг улсад халдсан тохиодолд нэн даруй хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байгаа аж. Мөн тэрээр хэлэхдээ “Аливаа холбоотны эсрэг дайрвал тэр нь ямар ч утгагүй болохыг харуулна” гэсэн юм.

ОХУ-ын зүгээс есдүгээр сарын 30-ны өдөр НАТО Польш, Литва улсын дунд орших Калининградыг ОХУ-аас тусгаарлахыг оролдвол цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй тухай мэдэгдсэн. ОХУ-ын хяналтад орших тус бүс нутагтай холбоотой энэхүү мэдэгдэл нь НАТО-гийн сэрэмжийг улам нэмэгдүүлсэн юм.

“Ройтерс” агентлаг ОХУ-ын дипломат тэмдэглэлийг эш татан “НАТО шууд зэвсэгт мөргөөн гаргах өндөр эрсдэлтэй” гэж мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор НАТО-гийн ЕНБД Марк Рутте энэ ОХУ-ын дүгнэлтийг эрс няцааж, зөвхөн гишүүн орнуудаа хамгаалах гэрээний үүрэгтэй гэдгийг онцолж, ОХУ-ыг Украин дахь дайнаа зогсоохыг уриалсан юм.  

ОХУ-ын арми Украины газар нутагт халдан довтолсноос хойш НАТО болон ОХУ-ын байдал улам хурцадмал болсоор буй. Ялангуяа Европын холбооны зүгээс НАТО-гийн нутаг дэвсгэрийн ойролцоо улам бүр өдөөн хатгасан цэргийн ажиллагаа явуулж байгааг шүүмжилдэг. Тэр дундаа галдан шатаах, хорлон сүйтгэх, кибер халдлага үйлддэг гэж буруутгадаг юм. Өнгөрөгч 2025 онд Польшийн агаарын орон зайд Оросын олон тооны дрон нэвтэрсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор НАТО зүүн жигүүрийнхээ хамгаалалтыг бэхжүүлэх үүднээс “Дорнын харуул” ажиллагааг эхлүүлжээ.

НАТО-гийн Европ дахь холбоотны дээд командлагч, генерал Алексус Гринкевичийн мэдээлснээр цэргийн сургууль, батлан хамгаалах бэлэн байдал, чадавхыг сайжруулах тал дээр аль хэдийн стратегийн үйл ажиллагаа эхлүүлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top