Батлан хамгаалах салбарт АНУ-аас хараат байдлаа багасгахыг зорьж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 03 сарын 20

Канадын эрх баригчид батлан хамгаалах салбарт АНУ-аас хараат байдлаа багасгахын тулд одоо Европын холбоотой зөвлөлдөж байгаа тухай Associated Press (Ассошэйтед Пресс) агентлаг мэдээлжээ.

Тухайлбал, Европоос зэвсэг, түүний дотор сөнөөгч нисэх онгоц болон цэргийн бусад техник худалдан авах тухай яригдаж байгаа аж. Европын сөнөөгч нисэх онгоцнуудыг Канадад угсрах үйлдвэр барих асуудлыг ч мөн хөндөж байгаа гэнэ. Америкийн батлан хамгаалах салбарын Lockheed Martin корпорацаас F-35 сөнөөгч нисэх онгоц худалдан авах гэрээг эргэж харах үүргийг Канадын засгийн газрын тэргүүн Марк Карни өгсөн байна.

Канадын ерөнхий сайдын энэ шийдвэр нь АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп гуравдугаар сарын эхээр Канадын бараанд импортын гаалийн татвар нэвтрүүлсэнтэй холбоотой хоёр улсын маргааныг улам дэвэргэж байгаа ажээ. Lockheed Martin корпорац F-35 сөнөөгч нисэх онгоц нийлүүлэх тендерт 2023 онд ялсан юм байна. Уг гэрээний дагуу тус корпорац Канадад 19 тэрбум канад долларын (13,2 тэрбум ам.доллар) өртөг бүхий 88 сөнөөгч нисэх онгоц нийлүүлэх ёстой байжээ.

АНУ-ын засаг захиргаа гуравдугаар сарын 4-нд Канад болон Мексикийн бүх бараанд 25%-ийн импортын гаалийн тавар нэвтрүүлж, Хятадын бараанд ногдуулах гаалийн татварыг 20% болгож өсгөсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu