Хагас сая хүн ажлаа алдах эрсдэлтэй гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
4 цагийн өмнө

АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамп Канадын бүх бараанд 25%-ийн импортын татвар нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд Канадын хамгийн их хүн амтай Онтарио мужид хагас сая хүн ажлаа алдах магадлалтай юм гэж уг томоохон мужийн амбан захирагч Даг Форд мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

“Ийм татвар нэвтрүүлсэн тохиолдолд 500 мянган ажлын байр алга болно гэсэн тооцоог манай мужийн засгийн газар гаргасан. Энэ маш ноцтой бөгөөд үр дагавар нь Канадын бүх иргэнд тусна” гэж Даг Форд онцолжээ.

Трамп ийм татвар нэвтрүүлбэл Канад улс АНУ-д цахилгаан эрчим хүч болон газрын тос нийлүүлэхээ зогсооно хэмээн урьд нь Форд мэдэгдэж байсан юм. Канад улс газрын тосныхоо 60%, цахилгаан эрчим хүчнийхээ 85%-ийг АНУ-д нийлүүлдэг ажээ. Онтарио мужид 14 сая хүн оршин суудаг юм байна. АНУ, Мексик болон Канад улс чөлөөт худалдааны бүс байгуулах байгуулах заалт бүхий гурван талын хэлэлцээр байгуулсан юм. Гэвч хууль бус цагаачлал болон мансууруулах бодисын хууль бус наймаатай холбоотойгоор Канад, Мексикийн бүх бараанд 25%-ийн импортын татвар нэвтрүүлнэ хэмээн Доналд Трамп мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top