АНУ-ын засаг захиргаа Канадтай худалдааны хэлэлцээр байгуулахын тулд Канадын бараанд импортын гаалийн татвар нэвтрүүлэх тухай шийдвэрийн хэрэгжилтийг 30 хоногоор түдгэлүүлж байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.
“Би эхний энэ үр дүнд сэтгэл маш хангалуун байна. Канадтай эдийн засгийн хэлэлцээр байгуулж чадах эсэхийг харахын тулд бямба гарагт зарласан гаалийн татвар нэвтрүүлэх тухай шийдвэрийг 30 хоногоор түдгэлзүүлнэ” гэж Трамп даваа гарагт Truth Social нийгмийн сүлжээнд бичсэн байна.
Америкийн зүгээс Канадын бараанд нэвтрүүлэх импортын татварыг түдгэлзүүлж байгаа тухай Канадын ерөнхий сайд Жастин Трюдо мөн мэдээлсэн юм. Тэрээр өмнө нь АНУ-ын төрийн тэргүүнтэй утсаар ярьсан аж.
Канадын ерөнхий сайдын тэмдэглэснээр, тус улс АНУ-тай залгаа хилийн хяналтаа чангатгаж, мансууруулах фентанил бодисыг АНУ-д нийлүүлэх урсгалыг хаахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд Канадын эрх баригчид 1,3 тэрбум канад доллар (900 сая орчим ам.доллар) гаргах бөгөөд мансууруулах бодис наймаалагчдын бүлэглэлүүдийг террорист байгууллагуудын жагсаалтад оруулах юм байна. Мөн АНУ-тай залгаа хил дээр зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд зориулж 200 сая канад доллар гаргах юм байна.
Канад, Хятад, Мексикийн бараанд импортын гаалийн татвар ногдуулах тухай гүйцэтгэх зарлигт Доналд Трамп энэ оны хоёрдугаар сарын 1-нд гарын үсэг зурсан юм. Энэ зарлигийн дагуу Канад, Мексикийн бараанд 25%-ийн импортын татвар нэвтрүүлэх аж. Харин Хятадын бараанд импортын 10%-ийн нэмэлт татвар ногдуулах ажээ.
Хожим нь Мексикийн ерөнхийлөгч Клаудия Шейнбаум хууль бус цагаачлал болон мансууруулах бодисын наймаатай хийх тэмцлийг чангатгах зорилгоор АНУ-тай залгаа хил рүүгээ 10 мянган цэргийн алба хаагч илгээхийг зөвшөөрсний дараа Трамп Мексикийн бараанд импортын татвар нэвтрүүлэхийг нэг сараар түдгэлзүүлсэн байна.
АНУ-ын импортолдог бүх бараа, үйлчилгээний гуравны нэг хувийг Канад, Хятад, Мексик нийлүүлдэг ажээ. 2023 онд эдгээр улс АНУ-д нийтдээ 1,5 их наяд ам.долларын бараа экспортолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )