Дэлхийн худалдаанд ширэнгийн хууль үйлчилж эхлэв

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 20

Дэлхийн даяар сүүлийн 25 жил худалдаа хийж байсан дүрэм үйлчлэхээ болив. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын идэвх чармайлтын “ачаар” дэлхийн худалдаа хүчтэй нь зөв гэсэн ширэнгийн хуульд шилжлээ. Учир нь АНУ Дэлхийн худалдааны байгууллагыг худалдааны маргааныг шүүх хамгийн гол үүргээс нь салгаж дөнгөлөө. Ингэснээр Дэлхийн худалдааны байгууллагын шүүх байгууллага өнгөрсөн долоо хоногоос эхлэн хэн буруутай, хэн зөв болохыг шүүж, буруутныг гэсгээх боломжгүй болсон. Жилд 25 их наяд гаруй ам.долларын бараа, үйлчилгээ эргэлдэж байдаг дэлхийн худалдаа эмх замбараагүй байдалд ороход бэлэн болоод байна. ”Систем нуран унах тохиолдолд дэлхий нийтээрээ ялагдана. Хүчтэний эрх үйлчилдэг ширэнгийн хууль ноёрхох болно. Ийм ертөнцөд бид амьдрахын хүсэхгүй” гэж Европын Холбооны худалдааны асуудал хариуцсан комиссар асан Сесилиа Малмстрөм нөхцөл байдал хэр ноцтой болох талаар тайлбарлажээ. “Дүрэмгүй тоглоомд хүн бүр хүссэнээрээ авирлаж болох тул ялангуяа хөгжиж буй, жижиг улс оронд илүү халтай” хэмээн тэрбээр онцолсон байна. Шүүгч үгүй нөхцөлд аливаа маргаан худалдааны дайн болж өсөх эрсдэлтэй бөгөөд улмаар тэртээ тэргүй удаашраад буй дэлхийн эдийн засаг хямрах аюултай. Худалдаа хумигдахад эдийн засгийн өсөлт нь удаашрах, ханш буурах, ажилгүйдэл нэмэгдэх зэрэг сөрөг нөлөөнд хамгийн ихээр өртдөг буурай орнууд энэ тоглоомд хамгийн том ялагдал хүлээх болно. Энэ уршигтай үзэгдлийг халахын тулд Дэлхийн нэгдүгээр дайны дараа худалдааны байгууллага байгуулах санааг АНУ, Европын орнууд бодож олжээ. Эхлээд Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр, хожим нь Дэлхийн худалдааны байгууллага гарч ирсэн. Эдгээр нь дэлхийг илүү шударга болгосон. Аажим аажмаар саадыг үгүй хийж, нэг талаас баян хүчтэй гүрнүүд, нөгөө талаас хөгжиж буй жижиг улсын хоорондох өрсөлдөх нөхцөлийг тэгшитгэсэн. Харин энэ бүхэн Доналд Трампт таалагдсангүй. Түүний уриа “Америк бүхний түрүүнд”. АНУ дэлхийн хамгийн баян улс тул олон улсын бүхий л клубд энэ улсаас их хэмжээний төлбөр, томоохон буултыг хамгийн их хүлээдэг.

Саалийн үнээ

Олон улсын бүлэг, нэгдэлтэй хийж буй хэлэлцээнд Вашингтоны байр суурийг арай сул байдаг. Хамтдаа эдгээр улс том түншээсээ өөрт ашигтай нөхцөлийг шаардаж дөнгөдөг бол нүүр тулсан ярилцлагад арай баг ам авна. Тиймээс Трамп олон улсын байгуул­лагаас хоёр талын тохиролцоо, хориг арга хэмжээ, татварын хэлийг илүүд үздэг.  Тэр НАТО, “Их-7”-ийн бүлэг, уур амьсгалын өөрчлөл­тийн эсрэг Парисын гэрээ, Дэлхийн шуудангийн холбоо, өдгөө Дэлхийн худалдааны байгууллагад сэтгэл дундуур байдаг.  “Тэд биднийг нэгэн том тарга авсан үнээ шиг сааж болно гэж боддог. Үүнээс хойш зөвшөөрөхгүй. Хангалттай” хэмээн тэрбээр саяхан хэлж байсан.

Бүх шийдвэр АНУ-ын эсрэг гардаг байсан. Гэхдээ одоо бид бүх хэрэг дээр ялалт байгуулж байна. Учир нь одоо тэдний эсрэг АНУ ямар нэгэн ноцтой алхам хийнэ хэмээн болгоомжлох болсон. Ингэх ч бүрэн эрх бий хэмээн тэрбээр тодруулсан байдаг. Хэлсэн л бол хийнэ. Трамп хэдий АНУ Дэлхийн худалдааны байгууллагаас гарна хэмээн сүрдүүлдэг ч үүнийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Учир нь ингэхийн тулд Конгрессын шийдвэр хэрэгтэй. Харин үүний оронд тэрбээр Дэлхийн худалдааны байгууллагын давж заалдах шатны шүүхийн шинэ бүрэлдэхүүнийг томилох асуудалд хаалт тавиад байгаа. Гурван шүүгчийн хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссан тул энэ байгууллага /ДХБ-ын давж заалдах шатны шүүх/ үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн худалдааны 98 хувийг бүрдүүлдэг 164 орны хоорондын маргааныг шийдвэрлэх механизм бүхэлдээ сааталд орно гэсэн үг. Дүрэмд суурилсан дэлхийн худалдааны цэгцтэй системийг хадгалж авч үлдэхэд Дэлхийн худалдааны байгууллагын шүүхийн шүүгчдийн томилгооны асуудлыг мухардмал байдлаас гаргах нь нэн чухал. Энэ байгууллага бүх гишүүн орны эрх ашигт үйлчлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд тэднийг ширэнгийн хуулиас хамгаалах гол хүч юм гэж Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүн Роберто Азеведо онцолж байв. Дэлхийн худалдааны байгууллагын шүүгчид улс орнуудын хооронд үүссэн маргааныг үргэлжлүүлэн шийдвэрлэх ч шийдвэр болгоныг давж заалдах боломжтой байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх ажиллах боломжгүй болоод байгаа тул ганц ч шийдвэр хүчин төгөлдөр болохгүй гэсэн үг. Өдгөө дэл­хийн худалдааны дүрмийг заавал биелүүлэх шаардлагагүй болов. Учир нь зөрчсөн этгээдэд хариуцлага үрүүлэхгүй. АНУ-ын энэхүү үйлдэлд хариу барих аргагүй. Дэлхийн худалдааны байгууллагын бүх шийдвэр зөвшилцлийн үндсэн дээр гардаг. Нэг л эсрэг санал байхад шийдвэр гарах боломжгүй. Дэлхийн ихэнх улс Вашингтонтой харилцаагаа муутгахыг хүсэхгүй. Гэсэн хэдий ч тэд Дэлхийн худалдааны байгууллага хямралд орсон, шинэчлэх шаардлагатай гэдэгтэй санал нэгддэг. Гэвч АНУ-ын зүгээс тавьж буй хаалт Трампт энэхүү шинэчлэлийг хүрээг тодорхойлох хө­шүүрэг олгохоос гадна шинэчлэлийг дэлхийн худалдааны бус АНУ-ын эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлж байна.

АНУ-д юу таалагдахгүй байна вэ?

Трампын худалдааны бодлогын гол зорилго нь Хятад улс. Тус улс энэ байгууллагад нэгдсэнээр дэлхийн хоёр дахь том эдийн засаг болтлоо хурдацтай хөгжсөн. Трамп Хятад улсын зүгээс шударга бус өрсөлдөж байна гэж үзэн худалдааны дайн зарласан. Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм энэ дайнд саад болоод зогсохгүй Хятад улсад дэм болж байна. Учир нь энэхүү дүрэм ёсоор улс орнууд “хөгжиж буй” улс орны жагсаалтад орох сонголтоо өөрсдөө хийж, хөнгөлөлттэй нөхцөлийг ашигладаг. Харин Трамп үүнд цэг тавихыг хүсэж буй. “Цаашид энэ хэвээр явж болохгүй. Өөрийгөө хөгжиж буй орон гэж тунхаглан бидний үр шимээр амьдарч таарахгүй” хэмээн АНУ-ын худалдааны сайд Роберт Лайтхайзер Вашингтоны байр суурийг тодорхойлсон байдаг.

Бид бүгд ДХБ-ын ийм олон тооны гишүүд дүрмийн дагуу тоглох нь эдийн засгийн өсөлтөд саад учруулна хэмээн үздэг талаар бодох хэрэгтэй гэж тэрбээр өгүүлсэн. Дэлхийн худалдааны байгууллагад тавьж буй гомдлоос гадна Вашингтон тус байгууллагын давж заалдах шатны шүүхийг эртнээс “араандаа зууж” байгаа. Гэтэл энэ байгууллагын 25 жилийн түүхэнд АНУ энэ байгууллагаар шийдүүлсэн нийт хэргийн 86 хувьд ялалт байгуулсан билээ. Үүнд мөн ЕХ-ын Airbus компанийн эсрэг хэрэгт ч ялалт байгуулсан. Америкчууд маргаан шийдвэрлэх хугацааг шүүмжилдэг. Ихэнх нь сар, заримдаа хэдэн жил ч үргэлжилдэг. Шүүгчдийн эрх мэдлийн хүрээ, өндөр цалин /жилийн 300 мянган ам.доллар/-гаас гадна Женев дэх байрны хөлс болох сарын гурван мянган ам.доллар, хоолны мөнгө өдрийн 150 ам.доллар авдаг нь тэднийг бухимдуулдаг. Энэ байдал эртнээс эхлэлтэй. Вашингтон шүүгчдийг томилох асуудлыг 2.5 жил боож байгаа бөгөөд энэ хугацаанд ДХБ тохиролцохыг хүссэн ч Трамп зөрүүдэлсээр. ДХБ-ын томоохон үйлчлүүлэгч, худалдааны гол тоглогчийн хувьд Европын холбоо маргааныг шийдвэрлэх механизмыг хэвээр авч үлдэх сонирхолтой. ЕХ түр хугацаанд ижил төрлийн шүүх байгуулахыг оролдож, бүр Канад, Норвегтой тохиролцоонд хүрч байсан. Гэтэл бусад улс орон Вашингтоны уур хилэнг хүргэхээс эмээн энэ санаачилгад нэгдэхийг яарахгүй байна. Гэхдээ бүх орон ч Трампт тал засахыг хүсэхгүй нь мэдээж. Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн худалдааны байгууллагын ирээдүйг хэлэлцэх хаалттай хуралдаанд Хятад улс АНУ-ын энэ үйлдлийг хууль бус хэмээн мэдэгдсэн талаар Ройтерс агентлаг мэдээлж байсан. Хятадын анхааруулга “Оддын дайн” киноны эхний ангид гардаг “Далд заналхийлэл”-ийн хэлбэр. Эл кинонд худалдагдсан Худалдааны холбоо дэлхийд ноёрхохыг хүссэн канцлерын хүслээр Набу гарагт саад тавьдгийн нэгэн адил. Найруулагч Жорж Лукасын алдарт цувралд энэ нь гараг хоорондын хэмжээний ноцтой асуудал болж хувирдаг. Харин бодит амьдрал дээр Доналд Трампын найруулсан “Худалдааны дайн” хэдэн анги үргэлжилж, тэрбээр “канцлераас” “эзэн хаан” болж чадах эсэх нь ойрын саруудад тодорхой болох юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.46.212) 2019 оны 12 сарын 20

Трампын зөв.

0  |  0
Top