ХААН Банк Сан 2011 оноос хойш “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг амжилттай хэрэгжүүлж, 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
Монгол орныг гурван удаа бүтэн тойрч, 150 мянга гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, 10 мянга гаруй эмч мэргэжилтнийг мэргэшүүлж, 500 гаруй удаагийн яаралтай мэс засал хийж, хорт хавдрын 600 гаруй тохиолдлыг илрүүлсэн тус аяны 10 жилийн ойн хүрээнд энэ онд орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийн хавдар бүртгэлийн алба болон ХСҮТ-ийн бүртгэлийн албанд 27 ширхэг суурин компьютер, шаардлагатай хард диск, хөрөнгө, эд зүйлсийг хандивлалаа. Энэ удаагийн хандив нь улсын хэмжээнд хэрэгжиж буй, хорт хавдар, эрт илрүүлгийн бүртгэл мэдээллийн цахим тогтолцоог өргөтгөн хөгжүүлж, үндэсний хэмжээнд бэхжүүлэх зорилготой “Хорт хавдар, эрт илрүүлгийн үндэсний систем”-ийг нэвтрүүлэн, хавдрын тохиолдлуудыг бүртгэхэд тус дэмтэй юм.
Хорт хавдар хүн амын нас баралтын шалтгаануудын хоёрдугаарт бичигдэж буй нь шинэ тоо биш. Энэ бол аюулын харанга. Гэхдээ айдас биднийг хөтлөхгүй. Үүнийг ялж болох хамгийн энгийн арга бол урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн шинжилгээ гэдгийг “Хавдрын эсрэг үндэсний аян” эн тэргүүнд чухалчилж, энэ чиглэлд манлайлан ажилласаар буй.
“Өвдсөнийхөө дараа биш, харин өвдөхөөсөө өмнө эмчид хандаж, цаг ямагт урьдчилан сэргийлэх ёстойг би болон манай гэр бүлийнхэн маш сайн ойлгодог болсон. Хайртай дотны хүмүүстэйгээ урт удаан хугацаанд хамт байх эрүүл амьдрал бэлэглэсэн аяны хамт олонд талархаад баршгүй” гэж Хөвсгөл аймгийн уугуул Н.Чулуун гуай ярьж байна. Тэр бол Хавдрын эсрэг үндэсний аянд хамрагдан, эрт үедээ оношлогдсоноор аюулыг тойрч чадсан хүмүүсийн нэг юм.
Хорт хавдар гэдэг бол хэзээ ч эмчлэгдэшгүй, аймшигтай өвчин биш агаад урьдчилан сэргийлж чадах аваас төгс эдгэрэх боломжтой гэдгийг ойлгуулах нь аяны анхны зорилго байсныг ХААН Банк Сангийн менежер М.Мандахмягмар онцоллоо. Энэхүү зорилгыг биелүүлэхдээ мэргэжлийн байгууллагатай түншилж, тогтвортой санхүүжилтээр хангаж, нийтэд мэдээлэл түгээх талуудтай ч хамтран урт хугацаанд системтэйгээр ажилласнаар бодитой үр дүнд хүрч буй.
“Хавдрын эсрэг үндэсний аян” хөдөө орон нутгаар тойрч, үзлэг оношилгоо хийж ирсэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулж, цаг, мөнгийг нь хэмнэж, болзошгүй эрсдэлээс хамгаалсан жишиг ажил болсон гэж хувьдаа үзэж байна. Алс хязгаар нутгуудад суугаа иргэдэд ийм тустай ажил явуулдаг тус аяны хамт олонд талархдаг” гэж Сэлэнгэ аймгийн хавдар бүртгэгч Д.Наранцэцэг хэллээ.
ХААН Банк Сан хүмүүсийн амьдралыг бодитой өөрчлөх зорилгынхоо хүрээнд “Хавдрын эсрэг үндэсний аян”-аас гадна эрүүл мэндийн салбарт бас нэгэн томоохон ажил өрнүүлээд буй нь П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран “Цусны даралт ихсэлтийн аян” билээ. Тус сан хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хавдар, зүрх судасны өвчлөлийн гол хүчин зүйлийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих агуулгуудыг тасралтгүй түгээж буй нь иргэн бүрт ач тустай, тоогоор илэрхийлшгүй үнэ цэн билээ.