Дэлхийн хүн амын 43 хувь нь айлчлан ирж буй 2021 оныг өөдрөгөөр төсөөлж буйг хараат бус судалгааны агентлагуудын “Gallup International” холбооноос дэлхийн 41 улс оронд явуулсан “Аз жаргалын индекс” судалгааны дүн харуулжээ. Ингэхдээ судалгаанд оролцогчдын 26 хувь нь ирэх жил онцын өөрчлөлт гарахгүй гэж үзэж байгаа бол 24 хувь нь гутрангуй хандлагатай байна.
Энэ оны хамгийн өөдрөг улс орнуудын тоонд Нигер (69 пункт), Индонез (66 пункт), Азербайжан (65 пункт) багтсан бол нэг жилийн өмнө сөрөг ангиллаас гарсан Их Британи 39 пунктэд хүрч, өөдрөг гэсэн байр сууриа урагшлуулжээ. Хамгийн өөдрөг улс орны түвшинээр АНУ, Финланд, Киргиз, Энэтхэг улс тэргүүлж байна. Австри, Герман, Мексик, Умард Македон дэлхийн түвшинд ойртож иржээ.
Харин ирэх оныг гунтранги угтаж буй үндэстнүүдийг уламжлалт ёсоор Итали (-43 пункт), Хонконг (-34 пункт) тэргүүлж байгаа бол энэ онд Болгар (-29 пункт) нэгдэн оржээ. Польш (-32), Чех (-19) удаалж байгаа бол ирэх оныг Таиланд, Серби, Өмнөд Солонгос, Турк, ОХУ мөн гутрангуй угтаж байна.
Аз жаргалын индекс нь нэг хүнд ногдох орлогын түвшинтэй холбоогүй болохыг судалгаанд онцолсон байна. Хөгжиж буй улс орнууд айлчлан ирж буй шинэ он илүү сайхан болно гэсэн найдвараар угтдаг бол өнгөрсөн хавар хорио цээрийн хязгаарлалттай нүүр тулсан Европын ихэнх хөгжингүй орнууд өөдрөг байх шалтгаан байхгүй гэж үзэж байна.
“Gallup International” олон улсын холбоо жил бүр “Оны төгсгөл” нэртэй судалгааг дэлхийн улс орнуудад явуулдаг бөгөөд судалгаан оролцогчдоос “Ирэх жилийг хэрхэн төсөөлж байна” гэсэн уламжлалт асуулт тавьдаг байна. Энэ оны судалгаанд дэлхийн 41 орны 38 мянга гаруй хүн оролцжээ.
Сэтгэгдэл ( 0 )