Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага бий болсны 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсны 60 жилийн ой өнөө жил тохиож байна. Энэхүү түүхэн ойг угтаж эдийн засагч эрдэмтэд “МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” номыг туурвин хэвлүүлээд байна.
ШУА-ийн захиалгаар хэвлэгдсэн уг тайлбар толийг академич Т.Доржоор ахлуулсан эрдэмтдийн баг бичиж гүйцэтгэсэн бөгөөд тус багт академич, эдийн засгийн шинжлэх ухааны доктор А.Бакей, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Б.Батхишиг, А.Даваасүрэн нарын эрдэмтэд ажиллажээ.
Эрдэмтдийн багийнхан өнөөдөр тус номоо ШУА-ийн тэргүүлэгчдэд гардуулж өглөө.
“Даяарчлалын эрин үед эдийн засгийн шинжлэх ухаан шинэ онол, урсгалаар баяжиж, нийгмийн амьдралын өргөн хүрээ, бүх талын харилцааг хамарсан нэр томъёо, ойлголтуудыг монгол хэлнээ оновчтой буулган цэгцэлж зөв тайлбарлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Цаг үеийн шаардлага хэрэгцээнд тулгуурлан гарч буй энэхүү тайлбар толь бичигт эдийн засгийн нэр томъёо, үг хэллэгүүдийн гарал үүсэл, тодорхойлолт, утга, ангилал, нөлөөлөх хүчин зүйлийн талаар цэгцтэй тайлбарлахын зэрэгцээ бүдүүвч, зураг, хүснэгт, математикийн тэгштгэл, томъёог оруулснаар тэдгээрийг ойлгоход хялбар дөхөм болсон гэж үзэж байна. Түүнчлэн эдийн засгийн шинжлэх ухааны хүрээд багтах мөнгө, санхүү, төсөв, татвар, гааль, гадаад худалдаа, зээл тусламж, хөрөнгө оруулалт, өмч хөрөнгө, үнэ тариф, хөрөнгийн зах зээл, нягтлан бодох бүртгэл, менежмент, маркетинг зэрэг эдийн засгийн салбар шинжлэх ухааны олон ойлголтыг системтэй ойлгоход тус толь бичиг чухал ач холбогдолтой болсон” хэмээн тус номын өмнөтгөлд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл тодотгожээ.
Монгол улсад зах зээлийн эдийн засагтай холбогдолтой сурах бичиг, тайлбар толь, гарын авлага цөөнгүй гарч байгаа боловч орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухааны талаар нэгдсэн цэгцтэй, ойлголт хараахан бүрэлдэж чадаагүй л байна.
Гадны өндөр хөгжилтэй орнууд эдийн засгийн дэлгэрэнгүй тайлбар толь зохион хэвлүүлж, нийтийн хүртээл болгох замаар уншигч олон түмэндээ эдийн засгийн онол, арга зүйн цэгцтэй мэдээлэл өгдөг. Энэ л жишгээр тус тайлбар толь бичигт Монгол улсын үндэсний эдийн засгийн хөгжлийн түүх, онцлогтой холбоотой гол нэр томъёо, үндсэн ойлголтуудыг оруулжээ.
Улс орон бүрийн эдийн засгийн агуулга, бүтэц сэтгэлгээ өөр өөр байдгаас гадаадын эдийн засгийн тайлбар толийг орчуулж хэрэглэхэд төвөгтэй. Тиймээс өөрийн орны онцлогийг тусгасан тайлбар толь бичгийг эдийн засагч эрдэмтэд боловсруулж гаргаж байгаагаараа энэ толь ач холбогдол болжээ.
Энэ ном нь их, дээд сургуулийн оюутан, багш, магистр, доктрант, эрдэм шинжилгээний ажилтан, төр засгийн болон сэтгүүл зүйн салбарт ажиллагч, бизнес эрхлэгч болон эдийн засгийн мэдлэгтэй болохыг хүсэгч хэн бүхэнд зориулагдсан болно.
Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх ухааны академи
Сэтгэгдэл ( 1 )
ШУА гэж хоцрогдсон газар юмаа. Юу л гарсан бол доо