Монгол Улсын Шинжлэх ухааны анхны төв байгууллага болох Судар бичгийн хүрээлэнд орчин цагийн Газарзүйн шинжлэх ухаан үүссэний 98 жил, Газарзүй-Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсаны 60 жил, Геоэкологийн хүрээлэн байгуулагдсаны 25 жил, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Ш.Цэгмид агсны 100 жил, Төрийн шагналт, газарзүйн ухааны доктор, цэвдэг судлаач Н.Лонжид агсны 100 жилийн түүхэн тэмдэглэлт ойн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Ойн арга хэмжээний хүрээнд “ТҮҮХЭН 60/25 ЖИЛ & ИРЭЭДҮЙ” сэдэвт ололт, амжилт, цаашдын зорилго, хамтын ажиллагааны хэлэлцэн дүгнэх хурал, мөн “МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АТЛАС” бүтээлийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Монгол Улсын Үндэсний атлас нь нийт 246 сэдэвчилсэн зургаас бүрдэх бөгөөд Монгол орны газарзүй, байгаль орчин, байгалийн нөөц, нөхцөл, хүн ам, нийгэм, түүх, соёл, эдийн засгийн холбогдолтой олон талт мэдээллийг агуулсан шинжлэх ухааны лавлагаа, мэдээллийн эх сурвалж юм. Атласын зургуудыг зохиох, хянан засварлах, хэвлэлд бэлтгэж цэгцлэх ажилд эрдэм шинжилгээний болон төрийн, төрийн бус 30 байгууллага, 140 гаруй хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл болно.
1962 онд ШУА-ийн дэргэд Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсан нь Монгол Улсын шинжлэх ухааны салбарт орчин цагийн газарзүйн шинжлэх ухаан үүсэн хөгжиж, онолын тулгуур судалгааг хэрэгжүүлэх эхлэл тавигдсан түүхтэй. Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэн Физик газарзүй, Нийгэм, эдийн загсийн газарзүй, Цэвдэг судлал, Зурагзүйн гэсэн 4 үндсэн тасагтайгаар явуулж байжээ. 1994 оноос Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэнг Газарзүйн хүрээлэн нэртэйгээр өөрчлөн зохион байгуулж эхэлсэн бөгөөд газарзүйн шинжлэх ухааны салбар чиглэлүүдийг өргөжүүлэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хийж ирсэн. 1997 онд Усны бодлогын хүрээлэн, Газрын бодлогын хүрээлэн, Ой, ан, судлалын хүрээлэнгүүдийг нэгтгэн зохион байгуулж ШУА-ийн дэргэд Геоэкологийн хүрээлэнг байгуулжээ. Тус хүрээлэн Газрын нөөц, газар ашиглалтын салбар, Усны нөөц, ус ашиглалтын салбар, Ойн нөөц, ой хамгааллын салбар, Экологийн судалгааны салбар, Цөлжилтийн судалгааны төв гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байжээ.
Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 27-р тогтоолоор ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн, ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн Геоинформатикийн лабораторийг нэгтгэн зохиог байгуулж ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн байгуулагдсан.
Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрхэм зорилго нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг судлах, тэдгээр салбаруудад мэдлэг, инновацыг нэмэгдүүлэх замаар Монгол улсын тогтвортой хөгжлийг хангахад чиглэн ажилладаг. Тус хүрээлэн нь 10 салбар, 3 лаборатори, нийт 158 эрдэм шинжилгээний ажилтны бүрэлдэхүүнтэй, үүнээс 2 академич, 22 докторын зэрэгтэй эрдэмтэн, судлаачид ажиллаж байна.
Мөн ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн 60/25 жилийн ойн арга хэмжээний үеээр үр бүтээлтэй ажилласан эрдэмтэн судлаачдыг шагнах, ойд зориулсан бүтээл, фото зургийн үзэсгэлэнг танилцуулж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )