СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн Дуун техник технологийн тэнхимийн эрхлэгч доктор (Ph.D), дэд профессор Г.БОЛОР-ыг урьж, медиа урлагийн эргэн тойронд ярилцлаа
-“Медиа урлаг” гэхээр нэрээсээ эхлээд л шинэ бас содон сонсогддог. Ямар урлагийг медиа гэж хэлдэг, түүний онцлогийн талаар хэлж өгнө үү?
-Дэлхий даяаршихын хэрээр гадаад үг тухайн хэлэнд нутагшдаг, түүний нэг нь “медиа” гэх үг юм. Медиа урлаг бол технологид суурилсан урлагийн нэг хэлбэр юм. Жишээ нь, радио бол технологид суурилсан мэдээллийн хэрэгсэл, нөгөө талаас урлаг, бас соёл гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс бид аль нэг тал руу нь туйлшрахгүй бүх талаас нь харж, медиа урлагийг судлах хэрэгтэй санагддаг. Ер нь дэлхий даяараа медиа урлагийг залуу урлаг гэж хүлээн зөвшөөрч, түүнийг судалж эхэлж байна. Мөн энэ урлагтай тун болгоомжтой хандаж байгаа нь ажиглагддаг. Энэ нь зүйн хэрэг, учир нь бүх талаараа их хүчирхэг, хурдтай хөгжиж байгаа урлаг юм.
-Медиа урлаг үзэл бодлыг илэрхийлэх, дамжуулах арга, хэлбэр талаасаа ямар давуу талтай вэ?
-Медиагийн хамгийн том давуу тал бол хурд. Миний хувьд ямар ч урлаг хүмүүст сайн сайхныг түгээж байх ёстой гэж боддог. Миний хүүхэд насанд 1967 онд телевиз анх үүсэж, зурагтаар гарч байгаа гоё ах эгч нарыг дуурайж үсээ засуулах, хувцсаа бүрэн товчлоод цэвэрхэн өмсөх гээд нэг талаар соёлд суралцаж байлаа. Тэгэхээр радио, телевиз бол маш хүчирхэг зэвсэг. Энэ зэвсэг бол соёлын, боловсролын, урлагийн гээд оюун санааны нэг талаар гайхалтай, нөгөө талаар аймшигтай зэвсэг. Улс үндэстнийг устгах эсвэл аврах “зөөлөн бодлого” энэхүү зэвсгийг хэр эзэмшсэнээс шууд хамаарна гэж эрдэмтдийн ярьдагтай би санал нэг байдаг. Бид сүүлийн хориод жил Солонгос киноны идэвхтэй үзэгчид болсон. Үр дүнд нь манай залуучууд бүгд солонгос стильтэй болчхоод байна. Саяхан фэйсбүүк дээр “Та бүхэн хоёр мянган жилийн тэртээх дэлхийн түүхийг нэг үз. Тэр үед хэн байсан юм бэ? Монголиод л байсан” гэж бичсэнийг хараад үнэхээр нэгийг бодож, хоёрыг тунгаамаар санагдсан.
Монголын медиа урлаг бол ерөөсөө л монголчууд бидний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг дэлгэрүүлэх, түгээх, сурталчлах, ингэснээрээ бид хэн нэгнийг зүгээр л нэг даган дуурайх биш монгол хүүхэд, монгол залуу, монгол хүнийг л төлөвшүүлэх, монгол үзэл баримтлалыг дамжуулах ёстой гэж боддог юм. Иймд медиа урлагийн олон давуу талыг соргог мэдэрч, эерэг сайн бүтээл хийхийн тулд түүхээ нэлээдгүй судлаасай л гэж хардаг шүү.
-Урлаг судлаач, шүүмжлэгч нийгэмд ховор байна. Хэдийгээр СУИС-д бакалаврын анги нээгдсэн ч гэлээ, төдийлөн амжилт гарахгүй байна уу даа гэж харагддаг...
-Өнгөрсөн зуунд буюу ХХ зууны дунд үед манайд шүүмж харьцангуй сайн байсан. Шинэ кино гарах, ном зохиол хэвлэгдэх болгоны араас судлаачид шүүмж бичиж, хэлэлцүүлэг явуулсан байдаг. Би түрүүн хэлсэн, медиа урлаг бол дэлхийд шинэ урлаг, тиймдээ ч түүний судалгаа хөгжлийнхөө гараанд байна. Судлаач, нэмээд шүүмжлэгч болно гэдэг хэн хүний хийчих ажил биш. Ер нь ямар нэгэн сургалт явуулаад, түүнээс үр дүн гарах бол цаг хугацаа шаардсан ажил юм.
Миний бодлоор бид бакалаврын түвшинд судалгаа хийх ажлын эхлэлийг тавьж, ингэснээрээ ядаж суралцагч өөрийнхөө мэргэжлээр уран бүтээл хийхдээ эхлээд заавал судалгаа хийдэг байх гэдэг энгийн зүйлийг эзэмшүүлэх хэрэгтэй гэж үздэг. Ахисан түвшинд суралцахаар ирдэг хүмүүс тодорхой зорилготой ирдэг. Шүүмжийг би тухайн салбартаа эхлээд нэлээд судалгаа хийсэн хүн хийх ажил гэж боддог. Одоо манай салбарын шүүмж тийм ч сайн биш байгааг хүлээн зөвшөөрнө. Угаасаа энэ салбар маш залуу салбар, тэр дундаа манайд. Шүүмжлээд чангахан дуугарчих тийм мэдлэгтэй, боловсролтой хүн хараахан алга байна. Хүн аливаа зүйлийг өөрөө мэдэж байж, судалж байж чанга дуугарна. Манай салбарт ажиллаж байгаа хүмүүс техникийн мэдлэгтэй байхад л болно доо гэж уужуу ойлгоод байх шиг байгаа юм. Бид онолын боловсролтой байх ёстой. Үүний тулд академик сургалт зайлшгүй хэрэгтэй гэж боддог.
-Та бид хоёрын яриа яалт ч үгүй мэргэжил рүү ороод явчихлаа. “Дууны найруулагч” гэх өвөрмөц мэргэжил XXI зууны тэргүүлэх мэргэжлүүдийн нэгэнд тооцогдох болж. Сонсоход шууд л радиод ажилладаг хүмүүс мэтээр сонсогдох ч, медиа урлаг тэр тусмаа телевизийн амин чухал мэргэжил юм билээ.
-Засгийн газрын 2020 оны 70-р тогтоолд “Монгол улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт”-ыг гаргасан байдаг. Тэнд соёл, урлагийн салбарт нэн шаардлагатай таван мэргэжлийн нэгийг “Дуу чимээний технологи” гэж дурдсан. Анх сонссон хүнд хэвшээгүй нэршил ч олон улсын мэргэжлийн нэршлээр бол “Sound technology” юм. Монголд өнөөдөр дууны найруулагч, дууны инженер, дууны оператор зэрэг дуутай холбоотой бүх ажлыг нэг л хүн хийгээд байгаа юм. “Дуун” (Sound) гэх урлаг өндөр хөгжсөн, хүн ам олонтой ч гэх юм уу тийм улсад өөр өөр хүн хариуцаж хийдэг. Түүхийн хуудсыг эргүүлэн сөхвөл, Монгол улс 1940-өөд онд анхны дууны ажилтантай болсон байдаг. Тэр хүн бол Зөвлөлтийн сургагч багш нарыг дагалдан суралцсан киноны дууны оператор Сэрээтэрийн Дэмбэрэл юм. Хэдийгээр радио киноноос өмнө байгуулагдсан ч дөнгөж 1950-иад оноос дууны найруулагчтай болсон. Тэр хүн бол Жамцын Бадраа гуай бөгөөд ЗХУ-д курст явж, дууны тоног төхөөрөмжид суралцан, мэргэжил дээшлүүлж ирээд шавь сургалтаар радиогийнхныг дууны найруулагчийн мэргэжилд сургасан байдаг. 1962 онд П.Төмөртогтох гуай ЗХУ-ын Ленинград хотын кино инженерийн дээд сургуулийг төгсөж, Монголын хамгийн анхны дээд боловсролтой дууны инженер болсон. Өөрөөр хэлбэл тэрнээс өмнө дандаа шавь сургалт байсан бол 1990-ээд он хүртэл дууны мэргэжилтнүүдийг ЗХУ, Польш, Герман зэрэг тухайн үеийн социалист орнуудад улсаас бодлогоор бэлтгэсэн байдаг. Ингээд 1990-ээд оноос хойш нэг хэсэг зогсонги байгаад, 2000 он гараад хүмүүс өөрсдийн сонирхлоор Англи, Японд төлбөрөө төлөөд, суралцах болсон байдаг. Миний мэдэх Монголд Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд “дуу чимээний технологи” мэргэжлээр оюутан суралцуулдаг. Харин манай сургууль 2014 оноос энэ мэргэжлээр анхныхаа элсэлтийг авч, одоогоор 3 удаагийн төгсөлтөөр 16 бакалаврын, 7 магистр төгсгөөд байна.
-Өнөөдөр дуучид уран бүтээлчид “амьдаар дуулах хэцүү” гэсэн урд хожид сонсогдоогүй этгээд үг ярих болж. Үүнийгээ тэд тайлбарлахдаа манай зарим танхимын акустик муу болохоор... гэх юм. Энд та ямар тайлбар өгөх вэ?
-Би энэ үгэнд тун дургүй, залуус “амьд тоглолт” гээд л яриад эхлэхээр нь би зөрүүлээд “Бусад нь тэгээд үхчихсэн тоглолт юм уу?” гэж наргиж асуудаг. Дуучин өөрөө микрофоноо бариад, танхимд өөрийнхөө хоолойгоор дуулахыг хэлээд байх шиг байгаа юм. Үүний цаана дууныхны хувьд бүх газарт тэр хүний дуу хоолойг санаанд нь хүртэл ижилхэн, сайхан дуугаргаж байх ёстой хариуцлагатай ажил яригдана. Үүнд нөлөөлөх гол хүчин зүйл бол “акустик” юм. Энэ үг нь “сонсох” гэсэн грек үг. Өөрөөр хэлбэл хүн танд юу? яаж? сонсогдож байна гэсэн үг. Бүх танхим, өрөө тасалгааг ерөнхийд нь “дотор орчин” хэмээн томьёолдог. Бүгд өөр өөрийн онцлог, ялгарах сонсогдолттой. Энгийн жишээ авъя, Болор гэдэг хүний дуу хоолой биеийн тамирын зааланд ярихад нэг янз, радиогийн студид бол өөрөөр сонсогдоно. Яагаад? гэх асуултын хариулт нь “дотор орчны акустик”-т байгаа юм.
Өнөөдөр бид дотор орчны цөөнгүй судалгааг хийж байна. Жишээ нь, Дуурийн театрын акустик, цаашлаад кино театрын үзэгчийн танхим, ерөнхий боловсролын сургууль, олон төрлийн зориулалттай танхим, өөрөөр хэлбэл хурал, концерт, кино зэрэг бүх төрлийн үйл ажиллагаа явагдах танхимуудын дотор орчинд акустикийн хэмжилт хийж, судалгаа явуулж л байна. Социализмын үед баригдсан урлагийн байгууламжуудын акустик харьцангуй сайн байхад, эсрэгээр тэдгээрийн хийцийг өөрчилсөн, шинээр баригдсан танхимын акустик тийм ч сайнгүй байгаа нь ажиглагдаж байна. Танхимын акустик зөв байх гол шалгуур бол тухайн танхимын эзлэхүүний зөв харьцаа буюу өндөр, урт гэх геометр хэмжээс хоорондын зохицол байдаг. Энэ хэмжээс алдагдахад сонсогдолт эрс өөрчлөгддөг. Судалсан танхимуудаасаа сонгоод жишээ дурдъя. Зөв стандартаар баригдсан “Тэнгис”, “Соёмбо” зэрэг кино театрын үзэгчийн том танхимыг дундуур нь хана босгон өөрчилсөн байдаг. Үүнээс үүдэн геометр харьцаа нь өөрчлөгдөж, сонсогдолт эрс муудсан нь судалгаагаар гарч ирсэн. Бид дуучдын тоглолт хийх дуртай Бөхийн өргөө, "UB палас" зэрэг танхимын акустикт судалгаа хийж үзсэн. Мэдээж зориулалт нь спортын танхим болохоор тэнд хөгжмийн бүтээл тоглоход сонсогдолт муу байх нь ойлгомжтой. Харамсалтай нь судалгааны эцсийн үр дүнгээ тухайн байгууллагад танилцуулахад хүлээн авахыг хүсдэггүй. Арга ч үгүй биз, тэд бол бизнесийн байгууллага болохоор урлагийг дамжуулахаас орлого олох нь илүү чухал. Гэхдээ би үүнийг цаг хугацааны асуудал, хүссэн хүсээгүй үзэгчид боловсролтой болохын хэрээр байгууллагууд судлаачидтай хамтран ажиллана гэж боддог.
-Тэгэхээр үүнд дууныхны мэргэжлийн ур чадвар, үүрэг оролцоо их гэж ойлголоо. Энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ мэдээж их байдаг байх?
-Дууны мэргэжилтнүүд кино, гадаа болон дотор тоглогдох концерт, шоу, өргөн нэвтрүүлэг гэдэг радио, телевиз болон мэргэжлийн урлагийн бүх байгууллагад ажиллаж байна. Сүүлийн нэг жилийг бид ихэнхдээ гэртээ буйдан дээрээ суугаад, удирдлагаа гартаа барьчихсан телевизийнхээ өмнө өнгөрүүлж байна. Өөрөө дууны хүний хувьд нэг л зүйлийг илүү их анзаарч, ажиглаж сууна. Миний хувьд Оросын сувгууд үзэх дуртай. Ажиглаад байхад тэнд шивэгнэж байсан ч, хашгирч байсан ч, суваг сольсон ч дууны түвшин ямагт ижилхэн, үзэгчдэд ямар ч төвөггүй сонсогдоно. Харамсалтай нь бидний хувьд байдал ондоо, суваг солилоо, телевизийнхээ удирдлагатай ноцолдоно. ...Энэ бол миний хэлээд байгаа нөгөөх мэргэжилтэнтэй л холбоотой асуудал.
2014 онд “Радио, телевиз, дэлгэцийн урлагийн дууны найруулгын өнөөгийн байдал” гэдэг томоохон хэлэлцүүлгийг зохион байгуулж байхдаа 230 орчим дууны найруулагчаас анкетын судалгаа авахад мэргэжлийн сургууль төгссөн хүн ердөө л 8 байсан. Тэгэхээр бүх зүйлд мэргэжилтэн байх ёстой гэдэг зарчим, ялангуяа телевизийн салбарт хэрэгжмээр байгаа юм. Ухаандаа, би дууны найруулагч хүн, гэтэл би зүгээр л алтанд дуртай гээд уул уурхайг огт мэдэхгүй, түүнд суралцаагүй байж тэнд очиж, ямар нэгэн ажил эрхэлнэ гэж явбал утгагүй зүйл биз дээ. Манай салбарт яг л тийм зүйл болоод байна. Гоё дуу бичих дуртай гээд л гүйлдээд байдаг. Хатуухан хэлэхэд өөрийнхөө сонирхлоор явж байгаа хүмүүсийн л гаргаж байгаа “эцсийн бүтээгдэхүүн” биднийг зовоож, мэргэжлийн бус харагдаад байгаа юм.
-Ярианыхаа төгсгөлд сонирхоход, яагаад та энэ мэргэжлийг эзэмших болсон юм бэ?
-“Удмаа дагаад тэмээчин” гэдэг шиг миний аав киноны дууны оператор З.Гаваа “Сэрэлт”, “Ардын элч”, “Тунгалаг тамир” гээд олон сайхан кинонд ажилласан Монгол киноны анхны дууныхны нэг. Ээж минь ч гэсэн арван тавхан настайдаа “Цогт тайж” кинонд монтажчины дагалдангаар ажилд орж, бүх амьдралаа монгол кинонд зориулсан, монтажны найруулагч Л.Далайхүү гэж хүн байсан. Тэгэхээр би энэ мэргэжлийг аав ээжийнхээ “залгамжлагч” нь болж эзэмшсэн хэрэг. Хүүхэд нас минь киноныхны дунд, кино үйлдвэр дээр өнгөрч, зургаан настайгаасаа орчуулгын кинонд дуу оруулж, аавыгаа дагаж гүйж явсан минь энэ мэргэжлийг сонгох үндэс болсон байх. Аравдугаар ангиа төгсөөд, ЗХУ-ын Кино инженерийн дээд сургуульд явах хуваарь авч, хөөрцөглөж байсан минь саяхан мэт. Дипломынхоо сэдвийг хүртэл кино үйлдвэрийн захиалгаар бичээд, 1985 онд төгсөж ирсэн. Харамсалтай нь тухайн үед гэр бүлийн хүмүүс нэг байгууллагад ажиллаж болохгүй гэсэн зарчимтай байснаас Кино үйлдвэрт орж чадаагүй ч, ардчиллын он жилүүдийн эхний хүнд үед мэргэжлээ орхилгүй Монголын радиод орж 25 жил ажиллаад, дараа нь СУИС-ийн Радио телевизийн сургуульд багшлан, аавынхаа мэргэжлийг хойч үедээ үлдээхийг зорин ажиллаж байна даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Хамгийн ЭРЭЛТТЭЙ...цалингаараа биш хувиараа ЧУБ маягаар ажилласан ч хамгийн их ”мөнгө олох” мэргэжил. Хамгийн наад зах нь ресторан баарны дууны хэмжилт хийгээд явчихад асуудалгүй амьдарчихна. За тэгээд кинонд ажиллаж болж байна. Эрэлт бол аймарштэ
Дууны технологиор төгссөн сайн залуучуудыг студи продакшнууд булаацалдаад авдаг... оюутан байхаасаа л энд тэндэхийн шоу коцертын дуун дээр ажиллаж халтуур хийхийн хажуугаар дадлагажаад бас үгүй мөнгөлөг оюутнууд байдаг шүү
Уг нь хэрэгтэй мэргэжил. Гэхдээ төгсөөд хэдэн төгрөгийн цалинтай ажилд очих билээ ...гэхээр л цөхрөмөөр л дөа.