ТВ8 телевиз "Үндэсний контент дэлгэрүүлэгч” шагнал хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монголын Маркетинг, Менежментийн хүрээлэн, Монголын сайтын холбооноос хамтран зохион байгуулдаг “Grand Awards” наадам 16 дахь жилдээ зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.

Энэ жил 20 жилийн баярт ойгоо тэмдэглэх ТВ8 телевиз хэвлэл мэдээллийн салбарын "Үндэсний контент дэлгэрүүлэгч” шагнал хүртлээ. Мөн "Эрхэт Монгол медиа групп"-ээс эрхлэн гаргадаг “Welcome to Mongolia” сэтгүүл “Онцлох төсөл”-өөр нэрлэгджээ.

Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевизийн уран бүтээлчид 2020 онд тэмээн соёлыг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Gobi challenge” олон өдрийн тэмээн аялал, 2021 онд эх түүхээ сурталчлах, түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт 6 цуврал шоу нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн. Мөн 2022 оноос Нийтийн биеийн тамир, дасгал хөдөлгөөнийг сурталчлах, нийгмийн эрүүл мэнд, спортын боловсролыг дээшлүүлэх, эрүүл чийрэг бие бялдрын хөгжилд уриалах зорилготой “Anuxai’s fitness show-4” үндэсний реалити шоу нэвтрүүлгийг санаачлан, үзэгчдийн хүртээл болгожээ.
 


"Үндэсний контент дэлгэрүүлэгч телевиз”-ээр нэрлэгдсэн ТВ8 телевиз нь 2025 оны төгсгөлд Монголын хамгийн олон үзэгч, өндөр хандалттай үндэсний шоу нэвтрүүлэг болох “Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн дөрөв дэх цувралыг үзэгчдийн хүртээл болгосон. ТВ8 телевизийн бүтээл “Anuxai’s fitness show”-ны 4 дэх улирлын нийт хандалт өмнөх цувралаасаа 3 дахин нэмэгдэж, 90 хоногийн хугацаанд сошиал платформ дээр давтагдсан тоогоор нийт 200 гаруй сая үзэлт, хандалт авсан байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Welcome To Mongolia”, “Go Mongolia” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих үүднээс “Эрхэт Монгол Медиа групп” “Welcome to Mongolia” сэтгүүлийг санаачлан, 2023 оноос эрхлэн гаргаж байна. Тэгвэл “Welcome to Mongolia” сэтгүүл “Grand Awards-2025” наадмын аялал жуулчлалын салбарын “Онцлох төсөл”-өөр мөн шалгаорлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top