“Welcome to Mongolia” сэтгүүл “Онцлох төсөл”-өөр шалгарлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монголын Маркетинг, Менежментийн хүрээлэн, Монголын сайтын холбооноос хамтран зохион байгуулдаг “Grand Awards” шагнал гардуулах ёслол 16 дахь жилдээ зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.

“Grand Awards-2025” наадмын аялал жуулчлалын салбарын “Онцлох төсөл”-өөр “Welcome to Mongolia” сэтгүүл шалгарлаа.

“Эрхэт Монгол Медиа Холдинг” ХХК нь 2023 оноос эхлэн “Welcome to Mongolia” санаачилга, “Монголд зочлох жилүүд”-ийг дэмжиж, Монгол Улсыг олон улсад сурталчлах зорилгоор "Welcome to Mongolia" сэтгүүлийг эрхлэн гаргаж байгаа юм. Тус сэтгүүл нь тогтмол хугацаанд гарч, зорилтот уншигчдад хүрдэг.
 


"Welcome to Mongolia" сэтгүүл нь Монгол Улсыг дэлхий нийтэд танилцуулах зорилготой бөгөөд улсын хөгжил, онцлог шинж, амьдралын хэв маяг, баялаг соёлын өв, урлаг, аялал жуулчлал, үйлдвэрлэл, бизнесийн орчин, эдийн засгийн төлөв, хөрөнгө оруулалтын боломж, давуу талуудыг цогцоор нь багтаасан контентыг нийтэлдэг.

Сэтгүүл нь бүрэн англи хэл дээр хэвлэгдэж, Монголд ирж буй олон улсын жуулчид, хүндэт зочид, Монголд ажиллаж, амьдарч, бизнес эрхэлж буй гадаадын иргэдэд түгдэг. Мөн хэвлэмэл болон цахим хувилбараар олон улсын улс орнуудад хүрч, Монголыг сурталчлах найдвартай эх сурвалж, платформ болж байна.

Өнөөг хүртэл гурван дугаар хэвлэгдэн гарсан бөгөөд Монгол дахь дипломат төлөөлөгчийн газруудад болон БНСУ, БНХАУ, Турк, АНУ, ОХУ зэрэг улсуудад хүрч, 10,000 гаруй хувь гадаад, дотоодын уншигчдад түгсэн байна.

Сэтгүүлийн дугаар бүр тодорхой нэг түнш улстай харилцааг онцолдог. Жишээлбэл, 2024 оны №2 дугаар нь Монгол–Хятадын дипломат харилцааны 75 жилийн ойг тоймлосон бол 2025 оны №3 дугаарт Монгол–Энэтхэгийн дипломат харилцааны 70 жилийн ойг онцолжээ.
 



Түүнчлэн энэ жил 20 жилийн баярт ойгоо тэмдэглэх ТВ8 телевиз “Grand Awards-2025” ёслолоос хэвлэл мэдээллийн салбарын "Үндэсний контент дэлгэрүүлэгч” шагнал хүртлээ. 

Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевизийн уран бүтээлчид 2020 онд тэмээн соёлыг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Gobi challenge” олон өдрийн тэмээн аялал, 2021 онд эх түүхээ сурталчлах, түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт 6 цуврал шоу нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн. Мөн 2022 оноос Нийтийн биеийн тамир, дасгал хөдөлгөөнийг сурталчлах, нийгмийн эрүүл мэнд, спортын боловсролыг дээшлүүлэх, эрүүл чийрэг бие бялдрын хөгжилд уриалах зорилготой “Anuxai’s fitness show-4” үндэсний реалити шоу нэвтрүүлгийг санаачлан, үзэгчдийн хүртээл болгожээ.

"Үндэсний контент дэлгэрүүлэгч телевиз”-ээр нэрлэгдсэн ТВ8 телевиз нь 2025 оны төгсгөлд Монголын хамгийн олон үзэгч, өндөр хандалттай үндэсний шоу нэвтрүүлэг болох “Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн дөрөв дэх цувралыг үзэгчдийн хүртээл болгосон. ТВ8 телевизийн бүтээл “Anuxai’s fitness show”-ны 4 дэх улирлын нийт хандалт өмнөх цувралаасаа 3 дахин нэмэгдэж, 90 хоногийн хугацаанд сошиал платформ дээр давтагдсан тоогоор нийт 200 гаруй сая үзэлт, хандалт авсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top