Алдарт оддын хувийн нууцаас цухас дурдахад

2021 оны 01 сарын 29

Бид бүгд л өөрийн гэсэн нууцтай, хүнд ярихаас ичдэг түүхтэй билээ. Гэхдээ жирийн бид энэ нууцаа хадгалсаар булшиндаа орж чадах бол алдартнууд нууцаа хадгалах хэцүү. Учир нь тэдний амьдрал хүмүүсийн өмнө алган дээр байгаа мэт л ил байдаг. Шар хэвлэлийн сэтгүүлчид олон жилийн өмнө болсон явдлуудыг ч ухаад гаргаад ирнэ.

Билл Мюррей хар тамхи хил давуулах гэж оролдсон

Яг болсон явдал нь их инээдтэй. Тэр үед Анагаахын коллежийн оюутан байсан Мюррей Денверийн нисэх буудал дээр тэсрэх бөмбөг авч явна гэж хэлэн, марзагнах гэж оролдсон. Нэгжлэгээр бөмбөг илрээгүй ч ачаанаас нь хэдэн кг марихуан гараад ирсэн гэж байгаа. Биллийн тоглоом түүнд шоглоом болж, шүүхээс эчнээ ял сонсож, эмч болох мөрөөдөл нь замхарсан.

Жессика Альба хулгайлагдаж байв

Альбаг 14 настай байхад нь “Флиппер” цувралын зураг авалтын үеэр хулгайлсан. Үл мэдэгдэх этгээдүүд их хэмжээний мөнгө нэхсэн нь Альбагийн гэрбүлийнхний хувьд төлж дийлэхгүй эд байлаа. Эцэг эх нь охиноо дахин харахгүй нь гэж сэтгэлээр унасан байсан тэр үед гэмт этгээдүүд яагаад ч юм Альбаг машины багажинд орхиод алга болцгоосон. Жессика маш олон сар сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж, олон жил эмчийн хяналтад байсан. Одоо тэр аз жаргалтай гэрийн эзэгтэй, ээж.

Вуди Харрельсоний аав шоронд насаараа хорих ял эдэлж байгаа

Вудроу Харрельсонийг дөнгөж 7 нас хүрээд байхад нь аав  Чарльз Харрельсон нь хүн амины хэрэгт орооцолдсон. 10 жилийн дараа 1979 онд аав нь энэ удаад тойргийн шүүгчийн амийг хөнөөсөн хэргээр бүх насаараа хоригдох ял авсан юм.

Киану Ривз сургууль төгсөөгүй

Холливудын хамгийн гунигт од болох Киану Ливаны нийслэл Бейрутэд төрж, багадаа л дэлхийг тойроод үзчихсэн хүн. Удамшлын бичих хүндрэлтэй өвчтэй төрсөн тэрбээр сургуульд сурч огт чадахгүй байлаа. Ингээд Ривз сургуулиа хаясан, түүнд сургууль төгссөн ямар ч гэрчилгээ байхгүй.

Тоби Магуайрийн аав банк дээрэмдсэн

Хүн-аалз банканд “Би хорт хавдраар үхэх гэж байна. Надад мөнгө алга” гэсэн бичиг өгөөд дээрэмдэх гэж оролдсон хэрэгтнийг барьж байсан болов уу? Түүний аав яг ингэж оролдсон юм. Ходоодны хорт хавдартай тэмцсээр залхсан (дараа нь худлаа онош байсан нь тогтоогдсон) тэрбээр гэрбүлээ тэжээж дийлэхгүй нь гээд банк явсан. Шуудай мөнгө аваад гарсан түүнийг цагдаа нар дор нь баривчилсан. 2 жилийн ял эдэлсэн.

Опра Уинфри 14 настайдаа хүүхэд төрүүлсэн

Бага нас нь хүнд хэцүү нөхцөлд өнгөрсөн гэдгийг тэр нуудаггүй. Гэхдээ 14 настайдаа гэрээсээ зугтаж, бие давхар болон, хүүхэд төрүүлснээ хэнд ч хэлдэггүй. Хүүхэд нь төрөөд удалгүй нас барсан гэдэг. Энэ нууцыг түүний эгч 19 мянган доллараар сэтгүүлчдэд худалдсан.

Жек Николсон 37 настайдаа л ээжийнхээ талаар сонссон

Алдартай байна гэдэг хувийн амьдралыг нь хэн дуртай нь ухаж төнхөхтэй эвлэрэхээс өөр аргагүй. Жек Николсон 37 настайдаа Times сонин уншиж байгаад ээжийгээ гэж бодож явсан хүн нь өөрийнх нь эмээ болохыг олж мэдсэн юм. Харин жинхэнэ ээж нь түүний эгч байсан гэдэг. Ээж нь хэт залуудаа түүнийг төрүүлээд ээждээ өгч аргалсныг нь сэтгүүлчид мэдэж орхисон хэрэг. Нийтлэл гарсны дараа хэд хэдэн хүн Николсоны аав гэж ирсэн ч тэр хэнийг нь ч хүлээн зөвшөөрөөгүй.

Марк Уолберг багаасаа л хулиган байлаа

Марк Уолберг хүүхэд байхдаа Цагдаагийн газарт 30 удаа баривчлагдаж байв. Дээрэм, зодоон гээд түүний өдүүлсэн хэрэг их. Харин анхны шоронгийн ялаа тэр 16-тайдаа сонссон. Хар тамхи татан мансуурсан Марк хоёр вьетнамыг зодож, нэг нь үүрд сохорсон юм.

Боб Марлигийн аав цагаан арьст англи хүн байсан

Боб Марлиг Ямайкийн регги дуучин гэдгийг бүгд мэддэг ч түүний аав хэн байсныг мэддэг хүн цөөхөн. Аав нь Ямайк улсад ажиллаж байсан цагаан арьст англи офицер байлаа. 60 настай Норвал Марли 16 настай Седелла Букертэй учирсан нь домогт Боб Марлигийн төрөх эхлэл байв. Ажлын шаардлагаар гэрбүлтэйгээ уулзах боломж хомс байсан эцэг нь 10 жилийн дараа хүүтэйгээ дотно болж чадалгүй насан эцэслэсэн юм.

Райан Гослинг Жастин Тимберлейкийн гэрт амьдарч байсан

Райан, Жастин нар “Микки Маусын клуб” шоун дээр танилцсан. Канад хөвгүүн Гослингийн иргэншлийн асуудал тулгарахад Жастины эцэг эх хүүг гэртээ амьдруулж байв. Тэд одоо ах дүү мэт найзууд.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top