Энэ өдөр түүхэнд: Анна Ахматовагийн тухай НАЙМАН баримт

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

Оросын их яруу найрагч Анна Андреевна Ахматова 1966 оны гуравдугаар сарын 5-нд нас барсан билээ. Утга зохиол судлаач, орчуулагч, яруу найрагч түүний хувь заяа эмгэнэлтэй. Ахматовагийн ойр дотнын гурван хүн хэлмэгдэлд өртсөн, өөрөө ч үргэлж хавчлаган дунд амьдарч байсан. Эхний нөхөр Николай Гумилёв 1921 онд цаазлагдсан бол 3 дахь нөхөр Николай Пунин баривчлагдаж, торны цаана амь насаа алдсан билээ. Ганц хүү Лев Гумилёв нь ч хэлмэгдлээс зайлж чадаагүй, 1930-1940, 1940-1950 онуудад ГУЛАГ-т хоригдож байлаа. Лев Гумилев бол Оросын түүх, Орост төр улс үүсэн байгуулагдахад монголчуудын оруулсан хувь нэмрийг үнэн зөв харуулсан эрдэмтэн билээ.

Ингээд түүний тухай 8 баримтыг танилцуулья.

  • Анна Андреевна Ахматова язгууртан, Оросын флотын инженер Горенкогийн гэрбүлд төржээ. 11 настайдаа Анна шүлэг бичиж эхлэхэд аав нь “Миний нэрийг гутаах хэрэггүй, боль” гэж уурлаж байжээ. Ийнхүү тэр элэнц эмээгийнхээ Ахматова нэрийг ашиглах болсон байна.
  • Амьдралынх нь сүүлийн жилүүдэд л Аннад дэлхийн хэмжээний алдар нэр ирсэн.  1964 онд Италийн утга зохиолын “Этна Торина” шагнал хүртсэн бол 1965 онд Оксфордын Хүндэт доктор цол хүртжээ. Харин жилийн дараа тэр амьсгал хураасан.
  • Дэлхийн I дайны үеэс Ахматова олны өмнө гарахаа больсон юм. Тэр сүрьеэ өвчин туссан бөгөөд өөрийгөө энэ өвчнөөр нас барна гэж ярьдаг байв.
  • 1982 онд нээгдсэн нэгэн жижиг гаригийг түүний дурсгалд зориулан, Akhmatova гэж нэрлэжээ.
  • Тэр амьдралынхаа турш өдрийн тэмдэглэл хөтөлсөн. Нас барснаас нь 7 жилийн дараа л тэмдэглэл нь олдсон билээ.
  • Анна Ахматова маш туранхай байсан тул залууд нь түүнийг “Гай зовлон авчирдаг занданшуулсан шарил” гэж дооглодог байв.
  • Нөхөр Пунин нь баривчлагдахад Анна пальтог нь өлгүүрт өлгөсөн чигээр нь үлдээж, түүнийгээ дурсаж байв. Одоо тэр байранд Ахматовагийн гэр музей байрладаг бөгөөд пальто олон жилийн өмнөх янзаараа өлгөөтэй хэвээр байдаг.
  • 1965, 1966 онд утга зохиолын Нобелийн шагналд нэр дэвшсэн ч авч чадаагүй. 1965 онд тус шагналыг Михаил Шолохов, 1966 онд  Германы яруу найрагч Нелли Закс, Израилийн зохиолч Шмуэль Агнон нар хүртсэн юм.

Бvх цаг vеийн хамгийн шилдэг эмэгтэй найрагчдын нэг гэгддэг тvvний уран бүтээлийг монголчууд сайн мэднэ. Анна Ахматовагийн “Сvvлчийн хvндага” шүлгийн монгол орчуулгуудыг толилуулья.

ПОСЛЕДНИЙ ТОСТ

Я пью за разоренный дом,

За злую жизнь мою,

За одиночество вдвоем,

И за тебя я пью,—

За ложь меня предавших губ,

За мертвый холод глаз,

За то, что мир жесток и груб,

За то, что Бог не спас.

М. Саранцэцэгийн орчуулга

Сүүлчийн хундага

Ханхайж хоосорсон гэрийнхээ төлөө

Хатуу ширүүн амьдралынхаа төлөө

Хоёулаа мөртлөө ганцаардлын төлөө

Хонгор чинийхээ ч төлөө би ууж байна

Хайхралгүй хуурсан уруулын чинь төлөө

Хайргүй хүйтэн харцны чинь төлөө

Амьдрал дэндүү энэрэлгүйн төлөө

Аз жаргалыг бурхан хайрлаагүйн төлөө

Би ууж байна.

Л.Дашнямын орчуулга:

Хоосорч хонхийсон орон гэрийнхээ төлөө,

Хорлонт зуунги амьдралын минь төлөө,

Хоёулаа суугаа хэрнээ ганцаардахын төлөө,

Хонгор минь чинийхээ төлөө энэ хундагыг өргөе өө.

Надаас урвасан хуурамч уруулын чинь төлөө,

Нас нь цөглөсөн хүйтэн харцны чинь төлөө,

Бурангуй бөгөөд хатуухан хорвоогийн төлөө,

Бурхан биднийг авраагүйн төлөө энэ хундагыг тогтооцгооё оо.

Д.Урианхайн орчуулга:

Байдгаа тонуулсан орон гэртээ харуусахын учир,

Бачим хохь амьдралдаа хорсохын учир,

Хоёулаа суугаа ч ганцаардахын учир,

Хонзогнож үнссэн уруулд мэхлэгдсэний учир,

Хохимой хүйтэн харцанд дагжихын учир,

Хорвоо хахир агаад гүжрийн учир,

Хотлыг аврагч Бурхан эс аварсны учир

Үнэнээ хэлэхэд

Үүрд чамайг дурсахын учир

Үгээ барж, сүүлчийн хундагаа хөнтөрье.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
алт(73.223.164.35) 2021 оны 06 сарын 27

түрийний бөөс толгойд гарсан цаг шүү дээ,одоо үе ч мөн л ялгаа алга,ямар сайндаа л төрийн ордонд бандааш ярьж,архи ууж садарлах вэ дээ,новш гэж тэнгэр ниргээсэй

0  |  0
Zochin(202.9.46.116) 2021 оны 03 сарын 06

Язгуур гарал угсаа сайтайг нь хоморголон устгаж тариачид борчууд боолууд төрийн толгойд гарч ирсэн хар дарсан он жилүүд одоо ч үргэлжилсээр

1  |  0
Эрдэнэ(64.119.23.15) 2021 оны 03 сарын 06

ямар сайхан хүмүүсийг энэ комминизм алаа ьэ ямар муухай хүмүүс энэ төрд гараа вэ

1  |  0
Эрдэнэ(64.119.23.15) 2021 оны 03 сарын 06

3 орчуулга бүгд гоё

1  |  0
зочин(124.158.65.133) 2021 оны 03 сарын 06

хамгийн сайн орчуулсан нь УРИАНХАЙ гуай

2  |  0
Top