АНУ-ын Тээвэр үйлчилгээний технологийн “Uber” компани Калифорни мужид амьдардаг нэгэн хараагүй эмэгтэйд 1.1 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ.
2018 онд Лиза Ирвинг гэгч эмэгтэй “Uber” компанийн жолооч нар хөтөч нохойтой нь үйлчлэхээс 14 удаа татгалзаж, доромжилсон гэж тус компанийг шүүхэд өгчээ. АНУ-ын арбитрын шүүхийн холбоо тус компани хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хуулийн дагуу хөтөч нохойтой хөгжлийн бэрхшээлтэй иргэд тээврийн үйлчилгээг ижил тэгш хүртэх эрхтэй гэж үзсэнээс гадна “Uber” компани гэрээний дагуу жолооч нараа хянах, тэдэнд шаардлагатай сургалт явуулах замаар ялгаварлан гадуурхах явдлыг урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэж тогтсон байна.
Лиза Ирвинийг төлөөлж буй “Peiffer Wolf” хуулийн фирмийн мэдээлснээр, тус Арбитрын шүүхийн холбооны шийдвэрээр “Uber” компани эмэгтэйд 1.1 сая ам.доллар төлөхөөр болсон байна.
2009 онд байгуулагдсан “Uber” компани хувийн такси захиалах боломжтой тээвэр үйлчилгээ эрхэлдэг. Өнөөдөр тус компани дэлхийн 100 гаруй хотод үйлчилгээ үзүүлж байна. Тус компани дуудлага болгонд таксины жолоочоос үйлчилгээний хөлсний 20 хувийг авдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )