Лондон хот Uber-ийн үйлчилгээнээс татгалзжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

Лондонгийн эрх баригчид цахим захиалгат “Uber” такси үйлчилгээний лицензийг сунгахаас сүүлийн хоёр жилд хоёр дахь удаагаа татгалзжээ.

Үүний шалтгаан нь “Uber” компани зорчигчдын амь нас, аюулгүй байдлыг хангахтай холбоотой хэд хэдэн зөрчил гаргаж, өмнө нь тавьсан шаардлагыг биелүүлээгүйтэй холбоотой гэнэ.

Лондон хотын Тээврийн газрын энэхүү шийдвэрийг тус газрын даргын албан тушаалыг давхар хашдаг Лондон хотын захирагч дэмжжээ.

Лондон хотын захирагч Садик Хан энэхүү арга хэмжээ тус компанийн үйлчлүүлэгчдэд таалагдахгүй байх магадлалтай ч тус компани Их Британийн нийслэлд үйл ажиллагаа явуулахын тулд зорчигчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах ёстой гэж онцолжээ.

“Uber” компанийн гүйцэтгэх захирал Дара Хосровшахи энэ алхмыг буруутгаад тус компани сая сая жолооч, зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүднээс сүүлийн хоёр жил өөрийн үйл ажиллагааны зарчмыг бүрэн өөрчилж, боловсронгуй болгосоор байгаа талаар дурджээ.

Тус компанийн компьютерийн системд бүртгэлтэй жолооч нарын хувийн мэдээллийг өөрчлөх боломжтой байсан бөгөөд үүнийг ашиглан ямар ч даатгалгүй, компанийн шалгалтаар ороогүй хүмүүс ажилладаг байжээ. Лондонгийн эрх баригчид 14 мянган ийм тохиолдол илрүүлсэн гэж мэдэгдсэн ч “Uber” компанийн зүгээс энэ асуудлыг шийдвэрлэсэн хэмээжээ.

Лондонгийн энэ шийдвэрийг тус компани 21 хоногийн дотор давж заалдах эрхтэй.

Их Британийн нийслэл “Uber” компанийн Европ дахь хамгийн том зах зээл нь юм. Тус компаниар Лондон хотын 3.5 сая гаруй оршин суугч үйлчлүүлдэг ба 45 мянган оршин суугч тус компанид ажилладаг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top