Лондон хотын төвийн дэлхийд алдартай 20 гудамжинд нэгэн зэрэг сая гаруй Зул сарын баярын гэрэл асаажээ.
Уламжлал ёсоор Лондон хотын гудамжнууд Зул сарын гэрлэн чимэглэлээ өөр өөр цагуудад асаадаг байсан бол энэ жил Лондон хотын захиргаа Уэст Энд дүүргийн 20 гудамжийг нэг сая гаруй гэрлээр нэгэн зэрэг гэрэлтүүлэх шийдсэн байна.
Дэлхийн түүхэнд анх удаа хамгийн олон тооны гэрлийг нэгэн зэрэг асаасан энэхүү ёслолын ажиллагааг эцсийн мөч хүртэл чанд нууцалсан нь төв талбайд олон хүн цугларахаас сэргийлэх зорилготой байжээ.
Зул сарын баярын гэрлийг асаах арга хэмжээнд Лондон хотын захирагч Садик Хан өөрийн биеэр оролцсон байна. Тэрбээр “Дэлхийн аль ч хотод асааж байгаагүй олон тооны гэрлийг Лондон хот асааж байна. Уэст Энд-ийг нэг сая гаруй гэрэл чийдэн гэрэлтүүлж байна. Зул сарын баярыг Лондонд тэмдэглэхийг уриалж байна” гэжээ. Түүний хэлснээр, цар тахлын 18 сар сар дэлхийн хэмжээний дэлгүүр, ресторан, театрууд байрладаг Уэст Энд дүүргийн бүхий л бизнесийн хувьд аймшигтай сарууд байлаа. Энэ жилийн Зул сарын баяр итгэл найдварын илэрхийлэл, дэлхийд дахинд хандаж Лондон нээлттэй гэдгийг зарласан илгээлт юм гэжээ. “Бид бөмбөгдөлт, тахал, гал түймрийг давж гарсан, цар тахлыг ч давж гарах болно” гэж Садик Хан онцолжээ.
Энэ жилийн Зул сарын баярын гэрлэн чимэглэлд цахилгааныг 75 хувь хэмнэх шинэ технологи ашиглажээ.
Сэтгэгдэл ( 0 )