Санта Клаус дэлхий даяар 7.6 тэрбум бэлэг тараажээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 26

Санта Клаус Зул сарын баярыг тохиолдуулан дэлхийг тойрох аялалдаа гарч, дэлхий даяар нийт 7.6 тэрбум хүүхэд, насанд хүрэгсдэд бэлэг тараалаа гэж Хойд Америкийн сансрын командлал /NORAD/ мэдээлжээ.

NORAD уламжлал болсон 67 дахь арга хэмжээнд оролцсон хүн бүрт талархал илэрхийлсэн байна. Санта энэ онд нийт долоон тэрбум 623 сая 693263 бэлэг тараажээ. Санта Клаус Хойд туйл дахь өргөөнөөсөө арванхоёрдугаар сарын 24-нд есөн буга хөлөглөн гарчээ. Шидэт өвөөгийн чарганы урт 75 таяган чихэр буюу 150 цаастай чихэр, өргөн нь 40 таяган чихэр буюу 80 цаастай чихэр байдаг. Чарганы өндөр мөн чихрээр хэмжигддэг ба 55 таяган буюу 110 цаасан чихэр байсан бол хөөрөх үедээ чарганы жин 75 мянган резинэн чихэртэй тэнцдэг. Чарганы дээд хурд нь одны гэрлийн хурдыг давсан.

Сантагийн аяллыг бодит цагаар www.noradsanta.org сайтаар ажиглах боломжтой байв.

“NORAD Сантаг ажиглаж байна” төсөл 1955 онд эхэлсэн түүхтэй. Тухайн үед Колорадо муж дахь нэгэн их дэлгүүр Санта Клаустай утсаар ярих сурталчилгаа гаргахдаа утасныхаа дугаарыг андуурч, тус командлалын шууд утсыг бичсэн байжээ. Сантагийн оронд хүүхдүүдийн хүсэлтийг NORAD командлалын шуурхай оператор авах болсон байна. Түүнээс хойш Колорадо дахь Нисэх хүчний бааз Санта Клаусын дэлхийг тойрох аяллыг ажиглах төв болов. Зул сарын баярын шидэт өвөөгийн аяллыг ажиглахын тулд NORAD хиймэл дагуул, радар, сөнөөгч онгоц болон тусгай “Санта камер” ашигладаг байна. Радарууд сүргийн манлай Рудолф бугын тод гэрэлтдэг улаан хамраар баримжаа авдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top