Яагаад хүүхдүүд Өвлийн өвгөн байдагт итгэх нь чухал вэ?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 31

Өвлийн өвгөн бол зөвхөн баяр баясгалан авчирдаг Шинэ жилийн баярын бэлэг тэмдэг. Мандарины үнэр, гацуур модны гэрлэн чимэглэл, удаан хүлээсэн бэлэг. Эдгээр мөч нь олон жилийн турш сэтгэл зүрхийг дулаацуулж, насан туршид аз жаргалтай дурсамж үлдээдэг. Өвлийн ид шидтэний ачаар хүүхэд мөрөөдөж, гайхамшигт, хүсэл нь биелдэг гэдэгт итгэж сурдаг. Ийм өөдрөг, эерэг туршлага хүүхдийн амьдралд хэрэг болдог болохыг сэтгэл судлаачид онцолжээ. Өвлийн өвөө байдаг гэдэгт итгэх итгэл хүүхдэд чухал ач холбогдолтой аж.

Эерэг үлгэр дуурайлал болдог

Өвлийн өвөө үлгэрийн баатруудаас хамгийн өөдрөг, эерэг нь. Тэр сайхан сэтгэлтэй, хүчтэй, ухаантай, өгөөмөр бөгөөд шударга. Тэр олон туслахтай бөгөөд туслахууд нь багаар ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүүхдүүдэд бэлэг тараахад нь тусалдаг. Хүүхэд хорвоо ертөнцийг үлгэрийн ачаар танин мэддэг тул ийм баатар сайн үлгэр дуурайлал болдог байна. Өвлийн өвөө хүүхдүүдэд сайхан сэтгэлтэй, тэвчээртэй, ойр дотнынхон болон найз нөхөдтэйгөө аливааг хуваалцах чадварт сургадаг. Өвлийн өвөөгийн сайн үйлс хүүхдэд эерэг зан чанар ямар чухал болохыг ойлгуулдаг байна.

Тэвчээрт сургадаг

Өвлийн өвгөнд итгэснээр хүүхэд тэвчээртэй болж сурдаг. Шинэ жилийн бэлгийг жилд нэг л удаа авдаг тул Өвлийн өвгөнийг тэвчээртэй хүлээдэг. Хамгийн гол нь энэ бол зүгээр нэг хүлээлт бус баяр баясгалангаар хачирласан онцгой үйл явдал юм. Сэтгэл санааны өөдрөг байдал нь хүүхдийн сэтгэл хөдлөлийг хөгжүүлэхэд тустай.

Мэдрэмж, хэрэгцээгээ илэрхийлэхэд сургадаг 

Ихэнх гэр бүлд Өвлийн өвөөд захидал бичих уламжлалт тогтсон байдаг. Хүүхэд бүр ямар нэгэн бэлэг авахыг мөрөөддөг хэдий ч ичимхий, итгэлгүй, тэр бүр хэл өөрийг нь ойлгохгүй эсвэл хүслээ илэрхийлж болох эсэхээ ч мэддэггүйгээсээ болж тэр бүр яриад байдаггүй. Үлгэрийн ид шидтэнд хандсанаар тэд эцэг, эхдээ юу хүсэж, мөрөөдөж, мэдэрч буйгаа ойлгуулж чаддаг. Захиандаа хүүхдүүд өөрсдийнхөө хийсэн сайн үйлсийн тухай бичсэнээр өөрсдийнхөө үйлдлийг бие даан үнэлэн цэгнэж, өнгөрсөн онд хийж, бүтээснээ дүгнэж сурдаг байна.

Бусдыг энэрч сурдаг

Шинэ жилийн баяраар зөвхөн хүүхдүүд төдийгүй тэдний ойр тойрны хамаатан садан, найз нөхөд, багш нар гээд хүн бүр бэлэг авдаг. Хүүхэд Өвлийн өвөөд хаягласан захиандаа гэр бүлийнхээ бусад гишүүдэд бэлэг хүсэх нь бий. Ингэснээр тэд бусдад анхаарал, халамж тавьж сурдаг. Ийм эрмэлзлийг урамшуулж, хөгжүүлэх нь чухал гэж сэтгэл зүйчид онцолж байна. Хүүхдийнхээ та нар зориулсан бэлгийн хайрцгийг нээхдээ урам өгч байхыг сэтгэл зүйчид сануулж байна.

Өвлийн өвөөд бичсэн захидалдаа хүүхдүүд өөрсдийнхөө сайн үйлийн тухай бичдэг. Шинэ жилийн баярт бэлтгэхдээ хүүхдэд ах, эгч, дүү, эмээ, өвөөд зориулж хамтдаа бэлэг бэлдэх санал тавих нь чухал. Ийн хамтдаа бэлэг бэлтгэх нь хүүхэдтэй нь илүү ойртуулахаас гадна гайхамшгийг бүтээхэд оролцох, бусдыг баярлуулах боломж олгосноос аз жаргалыг мэдрэх мэдрэмжийг хүүхдэд бэлэглэдэг байна.

Сэтгэлийн тэнхээтэй болгодог

Хүүхэд тэр болгон Шинэ жилийн баяраар хүссэн бэлгээ авдаггүй. Энэ үед урам нь хугарах нь ойлгомжтой. Энэ тохиолдолд ч Өвлийн өвөө тусална. Тэр хүүхдэд цаг агаарын улмаас зарим бэлгийг нь авчирч чадаагүйгээ учирласан хариу захиа ирүүлж болно. Хүссэн бэлгийг нь төрсөн өдөр эсвэл өөр нэгэн баяраар бэлэглэх боломжтой бол Өвлийн өвөө хүүхдэд энэ тухай дуулгаж, амлалт өгдөг.

Уран сэтгэмжийг нь хөгжүүлдэг

Өвлийн өвөө бол зөвхөн баяр баясгалан бэлгэлдэг ид шидтэн. Мандарины үнэр, гацуур модны гэрлэн чимэглэл, удаан хүлээсэн бэлэг, шөнө дунд хүртэл унтахгүй байх боломж. Энэ бүхэн насан туршийн мартагдашгүй дурсамж болон үлддэг. Цагаан сахалтай ид шидтэнд итгэснээр хүүхдийн уран сэтгэмжийг мөн хөгждөг байна. Өвлийн өвөө хаана, хэнтэй хамт амьдардаг, хүүхдийн хүслийг хэрхэн мэддэг бол, ид шидийн орон ямар байдаг бол гээд хүүхдүүд хүссэнээрээ, уран сэтгэмжээрээ өөрсдийн гайхамшгийн орныг бүтээдэг.

Итгэл хэзээ алга болдог вэ?

Хүүхэд 8-9 нас хүрч, хүрээлэн буй орчноо илүү танин мэдэж эхэлснээр, Өвлийн өвөөд итгэхээ больж эхэлдэг байна. Гацуур модны доор эцэг, эх нь бэлэг тавьсныг олж мэдэж ч болно. Тогтсон жор гэхдээ үгүй. Хүүхдүүд бодит болон үлгэрийн ертөнцөд нэгэн зэрэг амьдрах нь энгийн л үзэгдэл. Хүүхдийн хувьд энэ хоёр ондоо ертөнцийн хооронд зааг байдаггүй. Тэр гайхамшиг тохиодог гэдгийг мэддэг. Энэ мэдлэг нь насанд хүрсэн хойно нь хүндрэл бэрхшээлийг даван туулж, аливаа зүйлээс баяр баясгалан, аз жаргалыг мэдрэх чадварыг олгодог.

Тиймээс гайхамшигт итгэх итгэлийг нь үгүй хийх хэрэггүй гэж сэтгэл зүйчид зөвлөж байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүүхэд ертөнцийг бодитоор харж эхэлдэг. Өвлийн өвөө байдаггүй гэдгийн бусдаас олж мэдэх нь ч бий. Тэрхүү гайхамшигт ертөнц нь үгүй болох үед урам нь хугарч, нулимс ч дуслуулж магадгүй. Гэхдээ энэ бол энгийн зүйл. Энэ үед хүүхдийн амьдралын шинэ үе эхэлдэг. Тэд том болж, өөрчлөгддөг. Харин том болсон хойноо тэд өөрсдийнхөө хүүхдүүдэд нуруундаа бэлэг дүүрэн богц үүрсэн сайхан сэтгэлтэй ид шидтэний тухай аз жаргалтай үлгэрийг бэлэглэнэ.

Агуу цэцэн билигт зохиолч Антуан де Сант-Экзюпери нэгэнтээ “Бид бүгд хүүхэд наснаас гаралтай” хэмээн бичсэн байдаг. Үнэхээр тийм. Дэлхий дээр маш олон хүн Өвлийн өвөөд итгэж байснаа, хүүхэд насныхаа аз жаргалтай мөчүүдийг эцэг, эхдээ талархан дурсдаг. Заримдаа танихын аргагүй өөрчлөгдсөн энэ л итгэл хүний дотоод ертөнцөд амьдарсаар л байдаг. Харин хүн өөрөө, байдаг эсэхийг нь ч мэдэлгүйгээр тэр л итгэл, үнэмшлээсээ хүч авдаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top