Лондоны гол гацуурыг "Өрөвдөлтэй хөгшин гацуур" гэж шогложээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06


Британийн нийслэл хотын Трафальгарын талбайд босгосон Зул сарын гацуурыг Лондоны оршин суугчид “Өрөвдөлтэй хөгшин гацуур” хэмээн олон нийтийн сүлжээгээр шоглож байна.

Их Британийн гол гацуурыг жил бүр Норвеги улс бэлэглэдэг. Энэ уламжлал 1947 онд тогтжээ. Тухайн үед Дэлхийн хоёрдугаар дайны дараа Лондон гацуур худалдан авах мөнгөгүй байсан тул Норвеги улс гацуур бэлэглэж байсан түүхтэй.

Вестминстерийн зөвлөл Осло хотын оршин суугчдын өгөөмөр бэлэг болох гацуур нь 21 метр өндөр тул бусад гацуураас ялгарах болно хэмээн мэдэгджээ. Гацуурыг өмөөрч Их Британиас Норвеги улсад суугаа элчин сайд Ричард Вүд “90 настай мод амьд байгальд ингэж л харагддаг. Гацуур модны мөчрийг тоолохын оронд бэлгэдлийг нь бодох хэрэгтэй” хэмээн твиттерээр жиргэсэн байна.

Гацуурыг Осло хотын захирагч Марианна Борген, Лондон хотын Вестминстер дүүргийн засаг дарга Рут Буш нар арваннэгдүгээр сарын 19-нд болсон тусгай арга хэмжээний үеэр өөрсдөө хөрөөдсөн бөгөөд модыг тэнгисээр тээвэрлэн Лондонд авчирсан гэнэ. Эл гацуурыг Норвегийн Троллванн нуурын ойролцоох ойд 1929 онд суулгаж байжээ. Вестминстерийн зөвлөлийн мэдээлснээр, хоёр тонн жинтэй модыг хайрлан ургуулсан бөгөөд ой хамгаалагчид гацууртай ярилцаж, тэвэрдэг байсан гэжээ.

Трафальгарын талбай дээр зассан анхны гацуур 14.6 метр өндөр байжээ. Түүнийг Дэлхийн хоёрдугаар дайны үед Их Британид орогнож байсан Норвегийн хаан VII Хокон бэлэглэж байсан түүхтэй.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top