НАСА агентлаг сансрын Зул сарын гацуурыг үзүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 26

Зул сарыг сансарт хүртэл тэмдэглэдэг. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг Зул сарын гацуурыг санагдуулам NGC 2264 оддын бөөгнөрлийн зургийг нийтэлжээ.

НАСА агентлагийн мэргэжилтнүүд “Chandra” болон “Wisconsin-Indiana-Yale-NOAO” одон орон судлалын төвүүдийн дуран авайн мэдээллийг ашиглан сансрын гацуурыг ногоон өнгөнд оруулжээ. Тэд мөн “Two Micron All Sky Survey” хэт улаан мэдээллийг ашиглан гацуурыг тод цэнхэр, улаан өнгөөр чимжээ. Түүнчлэн дүрсийг хойд цэгээс 160 хэм эргүүлснээр оддын бөөгнөрөл гацууртай илүү төстэй болсон байна. Тоос, хийгээс бүрдсэн мананцар дэлхийгээс 2500 орчим гэрлийн жилийн зайд Бэлгэт гөрөөсний ордод оршдог байна. 1780-аад онд Уильям Хершелийн нээсэн оддын эл бөөгнөрөл гэрлийн долоон жилийн зайд сунан тогтжээ.

Сансар огторгуйд наймаалж, шар шувуу, зааны хошуу зэрэг дэлхийн объектуудыг санагдуулам хэлбэртэй олон мананцар байдаг гэнэ. Хилэнцийн ордод байрладаг NGC 6302 мананцрыг гэхэд эрвээхэйн мананцар хэмээн нэрлэдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top