Лондонд террорист халдлага үйлдсэн этгээдийг цагдаа нар буудан хөнөөжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

Их Британийн нийслэл Лондон хотын өмнөд хэсэгт гурван хүнийг хутгалж гэмтээсэн этгээдийг цагдаа нар буудан хороожээ. Судеш Амман гэгч 20 настай эл этгээд долоо хоногийн өмнө шоронгоос суллагдсан аж. Тэрбээр терроризмтой холбоотой гэмт хэрэг үйлдсэн хэргээр 3.4 жилийн хорих ял авч, хугацаанаас өмнө суллагдсан байжээ.

Халдлага үйлдэх үед тэрээр хууль хүчнийхний хяналтад байсан тул гэмт этгээдийг шуурхай аюулгүй болгож чадсан байна. Тэрээр биедээ хуурамч дэлбэрэх хэрэгсэл зүүсэн байжээ.  Хэрэг явдалтай холбогдуулан Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон алан хядах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг шийтгэх тогтолцоог үндсээр нь өөрчлөх болно гэж мэдэгджээ.

Судеш Амманыг анх 2018 оны тавдугаар сард алан хядах ажиллагааг төлөвлөж буй хэрэгт сэжиглэн баривчилж байжээ. Мөн оны арваннэгдүгээр сард түүнд  терроризмыг сурталчилсан материалуудыг тараасан хэргээр 3.4 жилийн хорих ял оноож байсан аж. Хууль хүчнийхэн түүний компьютер, утаснаас дэлбэрэх хэрэгсэл хийх, алан хядах ажиллагаа үйлдэх тухай материалууд олсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top