Тувагийн алмааз эрдэнэ - Денберел Ооржак

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 28

Өнгөрсөн жил болсон ОХУ-ын НТВ телевизийн “Ты супер!” шоунд Тувагийн хоёр оролцогч түрүүлж, Орос гүрнийг гайхуулсан билээ. Тувагийн тэргүүн Шолбан Кара оол тус шоунд түрүүлсэн Ай-Кыс Кыргыс, Денберел Ооржак нарт Кызыл хотын төвд байр өгч байлаа.

Ингээд “Детское Евровидение 2019” шоунд ОХУ-ыг төлөөлөн оролцож байсан авьяаслаг тува хүү Денберел Ооржакийн талаар өгүүлье.
 


Денберел Ооржак 2007 оны зургадугаар сарын 3-нд Тувагийн Кызыл-Мажалык тосгонд төрсөн юм.

Түүний өвөө Чаш-оол Санчат-оолович Куулар Тувагийн алдартай хөгжмийн зохиолч, хөгжимчин байлаа. Денберел хоёр настай байхдаа аав, ээжгүй үлджээ. Ээж нь гэмт хэрэг үйлдсэн тул 10 жилийн хорих ял сонссон бол аав нь өөр эмэгтэйтэй нийлж, гэрээ орхин явсан юм. Энэ явдлын дараа хүүг эгч Иоландтай нь хамт ээжийнх нь талын хамаатан Чодураа Ооржак өсгөн хүмүүжүүлсэн байна.

Чодураа “Би өөрөө дөрвөн хүүхэдтэй. Денберелийг эгчтэй нь хамт өөр дээрээ авлаа. Хүүхдүүд маш их зовлон үзсэн байлаа. Ээж нь шоронд, аав нь байхгүй. Денберел намайг "Ээж ээ" гэж дууддаг. Манайх жижигхэн аж ахуй эрхэлдэг. Бүгд хамтдаа амьдралын төлөө зүтгэсэн” гэж дурсан ярьж байв.
 


Денберел багаасаа л хөлбөмбөг, хөгжим сонирхдог хүүхэд байлаа. Чодураа эмээ нь орос хэл бараг мэдэхгүй ч тува ардын дуу сайхан дуулдаг, хөгжим тоглодог, авьяаслаг эмэгтэй байв. Эмээ нь хүүд дуулах эрдмийг анх зааж өгсөн юм.
 


Денберелийн авьяасыг анх Кызыл-Мажалык тосгоны Урлагийн сургуулийн багш Олимпиана Безги ажигласан байна. Цэцэрлэгт байхад нь шүү. Олимпиана Безги “Цэцэрлэгийн хүүхдийн урлагийн наадамд тэр Шаинскийн “Про папу” дууг дуулсан. Би шүүгч байсан юм. Денберел цагаан костюмтай гарч ирснийг одоо ч санаж байна. Нүд нь гялалзаад л. Шууд энэ хүүхдийг авах хэрэгтэй гэж бодогдсон” гэж ярьж байлаа.
 


Эхлээд түүний хоолойг хөгжүүлэхийн тулд хөөмийн ангид оруулжээ. Хөөмийн өвөрмөц аялгуу, бага зэрэг бөө мөргөлийн элемент. Энэ бүхнийг сурснаар Денберел жинхэнэ дуучин болж чаджээ. Денберел Ооржак 7-12 настайдаа Кызыл-Мажалыкийн Урлагийн сургуульд суралцсан. Цагаан толгойн үсгээ мэдэхгүй байж л анхны ноотоо уншаад эхэлсэн байлаа. Хүүхдийн янз бүрийн тэмцээнд оролцож, Гран При цомыг нь аваад ирнэ. Тэдний тосгонд Тувагийн алдартай дуучдын нэг, “Центр Азии” хамтлагийн гоцлол дуучин Борис Салчак амьдардаг байв. Нэг удаа Салчак хүүхдийн уралдаанд Денберелийг авч яваад түрүүлж байлаа. Урлагийн сургуулиа төгссөнийх нь дараа Салчак хүүг Кызыл дэх студидээ урьжээ. Салчакийн гэргий Ирина Моломдай Денберелийн шинэ багш болов.

Денберел 2017 онд “Лучики света” уралдаанд түрүүлж, Сочид болсон олон улсын XVII “Кинотаврик” тэмцээнд Туваг төлөөлөн оролцлоо. 2018 онд “Радуга искусств” наадмын шагнал хүртлээ. 2019 онд НТВ телевиз Ирина Моломдайд “Ты - супер!” шоунд нэг шавиа илгээх хүсэлт тавихад багш Денберел Ооржакийг сонгожээ. Энэ шоу нь асран хамгаалагчгүй өнчин хүүхдүүд оролцдог уралдаан юм. Денберел Ооржак алдарт рок хамтлаг Nazareth-ийн “Love hurts” хит дуугаар шүүгч, үзэгчдийг байлдан дагуулсан. Шүүгч Игорь Крутой, Алексей Воробьев, Ёлка, Диана Арбенина нар ногоон товчоо дарж, тува хүү улс орон даяар алдаршив. Финалын шатанд тэр хөгжмийн зохиолч Игорь Крутойн “Georgia дууг” дуулахад Крутой өөрөө суудлаасаа босон, хүндэтгэл үзүүлж байв. ОХУ-ын БХЯ-ны сайд Сергей Шойгу нутгаасаа авьяаслаг хүү гарч ирсэнд баярлан, тоглолтыг нь байнга үздэг байв.
 

Шоунд түрүүлсэн Денберел хүүг Игорь Крутой академидаа авлаа. Дараа нь тэр “Новая волна” наадамд түрүүлж, “Детское Евровидение 2019” наадамд ОХУ-ыг төлөөлөн оролцох эрхтэй болсон байна. Наадам 2019 онд Польшид болсон бөгөөд харамсалтай нь Денберел уралдаанаас хэдхэн хоногийн өмнө өвдөж, эмнэлэгт хэвтсэн юм. Тэр хэт догдолж, сандарч байсан тул стресст орсон байлаа. Ингээд 13 дугаар байрт л шалгарсан юм.



Денберел Ооржак Бруно Марс, Майкл Жексоны дуунд дуртай. Уран бүтээл, уралдаан тэмцээн гээд түүнд хичээл хийх цаг бага гардаг тул тийм ч сайн сурдаггүй. Англи хэлний хичээлд дуртай.

Денберел Ооржак Анна Ларина гэдэг найз охинтой. Хамтдаа авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд тавина.

Ийм нэгэн тува хүү урлагийн тайзанд ид гялалзаж явна.
 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (176.78.159.219) 2021 оны 04 сарын 29

Ovid gegchid-ta yasan ataarhuu ,muu hun be,ene hu chamaar dutlaa yu.Teneg yum bichih yum.

2  |  0
Zochin (202.9.46.61) 2021 оны 04 сарын 30

Яаж турк байхавдээ урайнхайчууд юм ш д

3  |  0
овид(66.181.180.248) 2021 оны 05 сарын 01

Тува нар өөрсдийгөө Турк биш Монгол гээд хэлдэг болсон цагт энэ баас бацааны дуулахыг сонсож болох л юм даа

3  |  3
зочин(139.5.216.176) 2021 оны 04 сарын 29

энэ хөөрхөн хүү ёстой од болж байнаа,маш гоё дуулдаг

4  |  0
Top