Трактораа гаргахын тулд хилийн баганыг зайлуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 05

Бельги улсад нэгэн фермийн эзэн трактораа гаргахын тулд Франц, Бельгийн хилийг заагласан хилийн баганыг зайлуулсан хэрэг гарчээ.

Хилийн баганыг 2.3 метр Францын газар нутгийн гүн рүү зайлуулсан байна. Үүнийг түүх судлаач ойгоор зугаалж явахдаа анзаарчээ.

Удалгүй хилийн багана хөдөлсөн тухай мэдээ тарсан ч хэрэг явдал олон улсын шуугиан дэгдээгээгүй өнгөрчээ. Хоёр улсад болсон хэргийг хөнгөн хүлээн авсан гэнэ.

“Тэр фермер Бельгийн газар нутгийг томсгож, Францын нутаг дэвсгэрийг багасгажээ. Энэ бол сайхан санаа байна. Гэхдээ Францын Бусинье сюр Рок тосгоны захирагч надтай санал нийлэхгүй” гэж Бельгийн хилийн Эрлекин хотхоны захирагч Давид Лаво хошигнон ярьжээ. Тэрбээр урьд өмнө ийм явдал газрын эздийн дунд төдийгүй улс хооронд маргаан дэгдээх байлаа гэжээ.

620 км үргэлжлэх Франц, Бельгийн хилийн заагийг албан ёсоор 1820 онд Кортрейн гэрээгээр тогтоожээ. Хилийн баганыг (чулуу) 1819 онд байрлуулж байжээ.

“Бид газар нутгийн төлөөх дайнаас зайлсхийж чадна гэж бодож байна” гэж хөрш зэргэлдээ Францын Бусинье сюр Рок тосгоны захирагч Орели Велонек ярьжээ.

Бельгийн тал чулууг буцаан байранд нь тавихыг фермерээс хүссэн байна. Хэрэв энэ хүсэлтийг биелүүлэхгүй бол асуудал Бельгийн Гадаад хэргийн яамны хэмжээнд тавигдах гэнэ. Тус яам 1930 оноос хойш хуралдаагүй Франц, Бельгийн хамтарсан хилийн комиссыг хурлыг зарлах болно. Түүнчлэн, фермер чулууг байранд нь тавиагүй тохиолдолд түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх эрсдэлтэй.

Хэрэв фермер алдаагаа засвал асуудлыг сайнаар шийдэх боломжтой гэж Эрлекин хотхоны захирагч онцолжээ.




 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top