Монгол Улсын Засгийн газар 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар танилцуулж байна. /2021.05.10/
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулж байна.
Тэрбээр “Оюутолгой төсөлтэй холбоотойгоор нийгэмд буруу ойлголтууд бас байгаад байна. Далд уурхайн төслийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэх ёстой. Эдийн засагт хамгийн өгөөжтэй гурван төслийн нэг нь Оюутолгойн далд уурхайн төсөл байгаа. Бид Оюутолгойтой холбоотой ямар асуудал яриад байна вэ гэхээр далд уурхайн санхүүжилтийг босгохдоо Монгол Улсын татвартай холбоотой буулт хийсэн заалтууд туйлын ашиггүй нөхцөл байдал үүсгэснийг ярьж байгаа юм. Далд уурхайг эхлүүлэх нэрийн доор татвартай холбоотой Монгол Улсад ногдох үр ашиг буурсан асуудал байгаа юм. Оюутолгой төслийн Монгол Улсын эдийн засаг дахь өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд хатуу, зөөлөн аргыг хавсран хэрэглэнэ. “ гэлээ.
Мөн энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Оюутолгойг дотоодоосоо хамааралтай байлгана гэдэг стратегийн хувьд чухал" гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн хүрээг тэлэх 50 орчим төслийн талаар хэлэхдээ:
Энэ хүрээнд уул уурхайн салбарт бодлогын реформ хийхээр болсон. Уул уурхайн салбар геологи хайгуул, олборлолт гэдэг үндсэн бүтэцтэй өнөөдрийг хүртэл явж ирсэн бол одоо нэмүү өртөг шингээх, боловсруулах чиглэлд анхаарна. Тавантолгойг, Эрдэнэтийг түшиглэн боловсруулах үйлдвэр байгуулна. Зэс, гангийн үйлдвэр барина.
Борлуулалттай холбоотой реформ хийнэ. Эрдэс баялгийн бирж дээр нээлттэй арилждаг болно. Хуваарилалтын асуудалтай холбоотойгоор Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн санг Норвеги, Чили, Казахстаны туршлага дээр тулгуурлан хэрэгжүүлнэ гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Яагаад өөрийнхөө 34%-г зээлээр авж байгаа юм бэ ? Үүнээс болж бид өрөнд орж байгаа, 34%-г шууд авах ёстой