Австралийн холын зайн гүйлтийн шилдэг тамирчдын тоонд багтдаг Кент Охори саяхан Голд Костын марафоны барианд орохдоо амандаа тамхитай байжээ.
42.1 километрийг 2 цаг 29 минутад туулж барианд орохдоо амандаа тамхи зуусныхаа учрыг тайлбарлахдаа “Энэ жинхэнэ тамхи биш шүү. Зүгээр л тоглоом маягийн эд. Яагаад ингэсэн бэ гэвэл бидэнд төсөөлөөгүй амжилтдаа хүрэх хүч, боломж байдаг гэдгийг л сануулах гэсэн юм. Өдөрт хайрцаг тамхи баагиулдаг баарны залуугаас марафоны бариа хүртэл 2 цаг 29 минут л байна даа” гэж Кент Охори өгүүлжээ.

Тэр өмнө нь шөнийн цэнгээний газар ажилладаг байжээ. “Ажил маань зугаа цэнгэлийн өлгий шөнийн цэнгээний газар байлаа. Тэнд ажилласнаар би тамхи татаж, согтууруулах ундаа ууж, үдэшлэгээс салахаа больсон” хэмээн ярьж байна. Харин 2017 онд бие нь сульдаж буйг анзаараад гүйхээр шийджээ. Эхлээд 5 километр зайд гүйсэн байна. Тухайн үед гүйлтийн хэмнэл, хурд ямар байх ёстойг ч мэдэхгүй байдаг хүчээрээ хурдалсан гэнэ.
“Бүх хүчээ шавхаад 5 километр гүйсэн чинь яг огиулах нь ээ. Барианд орж чадалгүй бууж өгөх тун дөхсөн. "Гүйх чинь ямар хэцүү юм бэ?” гэж бодож байгаа юм. Гэхдээ би орхиогүй ээ. Үргэлжлүүлэн гүйсэн” гэж ярих Охори 2019 онд аавыгаа алдаж, сэтгэлийн хүнд цохилтод орсон байна. Тэр хэцүү үед марафоны бэлтгэл, дасгал л сэтгэл санааг нь өргөж, давж гарах хүч өгчээ.

Охори одоо олон улсын триатлоны Rebound Club-тэй. Тэндээ бэлтгэл сургуулилт хэрхэн хийхийг зааж сургадаг болжээ. 2020 онд Конэд болсон Ironman –д оролцсон. 2022 онд Everestman триатлоны гүйлтэд түрүүлсэн.
“Өмнө нь би өөрийгөө голж, үргэлж бүтэлгүй амьтан гэж боддог байлаа. Гүйхдээ ч хамгийн сүүлд хаягдана л гэж бодож байсан. Хүн бүрт сэтгэлзүйн саад гэж байдаг. Гэвч Ironman-д оролцсоноор бодол минь өөрчлөгдөж, өөртөө итгэлгүй байдлаа даван гарч чадсан” хэмээн Кент Охори ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )