Зохиолчид гэдэг бас л мах цусанд төрсөн хүмүүс хэдий ч авьяасынх нь мутаци ч юмуу, эсвэл хувь хүнийх нь илрэл ч юмуу гэмээр хачин дадал зуршилтай байдаг ажээ. Зарим нь бүр инээдтэй ч юм шиг. Нэмж хэлэхэд дэлхийн цөөнгүй суут зохиолчид гэмт хэрэгтэн гэгдэж хар гэрт сууж явсан байх бөгөөд бас нэлээдгүй нь бэлгийн хэвийн бус зан үйлтэй байсан гэдэг. Гэхдээ энэ удаад зөвхөн хачирхмаар дадал зуршлуудыг нь сонирхуулъя.
Жорж Гордон Байрон /1788-1824/ шүлэг зохиолоо бичиж эхлэхийн өмнө ойр хавьдаа давс, давсны төрлийн юм байгааг сайн шалгадаг байж. Давсны төрлийн юм байвал маш их хилэгнэж юу ч бичиж чаддаггүй байжээ.
Дэлхийн суут pulp fiction зохиолчдын нэг Александр Дюма эцэг /1802-1870/ тэг дөрвөлжин цаасан дээр зохиолоо бичдэг байсан гэнэ. Өөр хэлбэртэй цаасан дээр огт бичдэггүй байсан бөгөөд халаасандаа авч явдаг тэмдэглэлийн дэвтэр нь хүртэл тэг дөрвөлжин байсан.
“Фауст”-ыг бүтээгч Иоганн Вольфганг фон Гёте /1749-1832/ гэрэл, дуу чимээ битгий хэл, агаар ч нэвтэрмээргүй битүү өрөөнд сууж зохиолоо туурвидаг байсан бөгөөд заримдаа хэдэн өдрөөр тэр өрөөнөесеө гардаггүй, эхнэр, зарц нар нь их сандардаг байсан гэдэг.
Английн хамгийн англи зохиолч гэгддэг Чарьлз Диккэнс /1812-1870/ 50 мөр бичээд нэг аяга халуун ус уудаг дадалтай байв. Мөн тэр зохиолоо бичиж байх үедээ зохиолынхоо баатруудыг үздэг, сонсдог-сэтгэл зүйчдийн глюцинаци гэж нэрлэгдэг байдалд ордог байжээ. Мөн тэр оршуулгын товчоонд очиж талийгаач нарыг хэрхэн сүүлчийн замд нь үдэж байгааг харж хэдэн цагаар хамаагүй зогсдог байсан аж.
Эдгар Аллан По/1809-1849/ зохиолоо бичиж эхлэхийн өмнө цагаан цаасаа ширтээд ганц ч үг тавилгүй гурав, дөрвөн цаг суучихдаг байсан аж. Тэрбээр онгод сэтгэл хөдлөлөөс илүү бодол, сэтгэмж зохиол бичихэд нөлөөлдөг гэж батлах дуртай байжээ. Үүнийхээ жишээ болгон өөрийн “Хэрээ” шүлгийг дурддаг байжээ. Америкийн богино өгүүллэгийн суутан О.Хэнри / жинхэнэ нэр нь Уильям Сиднэй Портэр 1862-1910/ өрийн хэргээр шоронд сууж байхдаа зохиол бичиж эхэлсэн байна. Үүнээс ч болсон уу тэр заавал жижиг давчуу тасалгаанд хаалгаа цоожилж сууж байгаад зохиолоо бичдэг байж.
Буржуйн дүрийг гайхалтай дүрсэлснээрээ дэлхийн утга зохиолд мөнхөрсөн Онорэ дэ Бальзак /1799-1850/ зохиолоо бичихдээ бүх хувцсаа тайлж хаяад ганцхан загалмайн шашны гэлэн хүний нөмрөг нөмөрч байгаад бичдэг байж. Тэр бүх цонхоо битүүлж аваад өрөөн дотуураа яваад л, бичээд л, яваад л байдаг байсан гэнэ. Бас өөрийнх нь тухай ярих бүрт аугаа хүнийг хүндэтгэж байгаагийн тэмдэг болгон малгайгаа авдаг байснаараа ихэд алдаршсан. Мөн тэр өдөр бүр чихэргүй, сүүгүй 50 гаруй аяга кофе уудаг байжээ.
Жинхэнэ америк зохиолч гэгддэг Марк Твэн /жинхэнэ нэр нь Самуэль Климэнс 1835-1910/ ихэнх зохиолоо орон дотроо бичжээ. Тэрбээр өглөөгүүр орондоо өвдөг дээрээ самбар тавьж сууж байгаад харандаагаар бичдэг байсан гэнэ.
Эрнст Хэмингуэй /1899-1961/ сууж юм бичиж чаддаггүй байжээ. Тэр өдөр бүр зогсоогоороо 1000-1200 үг бичгийн машинаар тачигнуулдаг байсан байна.
“Лолита”-г бүтээгч Владимир Набаков /1899-1977/ зохиолуудаа хэсэг хэсгээр нь эрвээхэйн хатаамал хийхэд зориулсан 5x8 инчийн хэмжээтэй хатуу цаасан дээр үйл явдлынх дараалалгүйгээр үргэлжлүүлэхгүйгээр салангид туурвидаг байв. Түүний “Ада” гэхэд 2000 гаруй ийм хэсэг бусаг бичвэрүүд байдаг бөгөөд хожим дараалалд оруулж нэгтгэн эмхэлж цэгцлэн хэвлүүлсэн ажгуу. Мөн тэрбээр юм л бол хөөстэй ваннд умбах дуртай, зарим өдөр бүр дөрвөн удаа ваннд орсноо бичсэн байдаг.
Оросын суутан Фёдор Достоевский /1821-1881/ зөвхөн шөнө ганцаараа сууж бичдэг байсан бөгөөд яаж ч албадаад өдөр юм бичих дургүй тун их уурладаг байсан гэнэ.
Эмэгтэй найрагчдын сор болсон Эмили Диккисон /1830-1886/ жинхэнэ гэр амьтай хүн байсан бөгөөд өөрийн төрсөн байшиндаа бүхий л насаараа амьдарчээ. Тэр гадагшаа гарах, ийш тийш аялах тун дургүй хүн байсан аж.
Курт Воннэгут нэг бичсэн хуудсаа дахин дахин хуулж бичих дуртай. Сэтгэл нь ханах хүртэл хэдэн ч удаа хамаагүй, хэдий ч удаан хамаагүй зүгээр л хуулаад бичээд байдаг гэнэ.
Уильям Фолкнэр /1897-1962/ архи уухгүй бол юу ч бичдэггүй, заавал ч үгүй нэгээс хоёр хундага виски ууж байж бичиж эхэлдэг зуршилтай байв.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )