"Болор цом-38"-ын хоёрдугаар шатанд 30 найрагч шалгарлаа

2021 оны 06 сарын 15

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард анхны “Болор цом” наадам зохион байгуулагдсан түүхтэй.

Өдгөө 38 дахь жилдээ зохиогдож байгаа энэхүү наадмыг Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулж байна.

Энэ жил "Болор цом" 38 дахь удаагийн яруу найргийн наадмын хоёрдугаар шатанд 30 найрагч шалгарчээ. Найрагчдийн сүүлийн шатны уралдаан 2021 оны зургаадугаар сарын 19-нд Цагдаагийн "Сүлд" чуулгын тайзнаа явагдана.

Өнгөрсөн 2020 оны “Болор цом-37” наадмын хоёрдугаар шатанд 27 яруу найрагч шүлгээ уншсан билээ. Үүнээс тус наадмын тэрүүн байранд яруу найрагч Б.Жамбалдорж "ЖАМЫН ЦАС" шүлгээрээ шалгарсан. Харин дэд байранд Б.Энхжаргал, гуравдугаар байранд Т.Баянсан шалгарсан бол тусгай байранд Э.Гантулга, О.Цэнд-Аюуш нар шалгарсан юм.

“Болор цом 37” наадмын эзэн, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Б.Жамбалдоржийн цомын эзэн болохдоо уншсан "Жамын цас" шүлгийг хүргэе.

ЖАМЫН ЦАС

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж

Бусдын дээгүүр будрууланхан байхдаа

Үүдээр цухуйх аавынхаа дээрээс

Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас

Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн

Хааш яайш цацан бужигнуулсан цасан дор

Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон

Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж

Өдөр явах замаа гаргаж зогсдог сон би

Шинэхэн цас орсон өглөө

Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа

Тийм дотно мөр, харалгүй удаж ээ
Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой

Зөөлөн гишгэх алхаан дундаасаа

Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ

Явган хүний ганц нарийхан жимээр
Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ

Дээрээс хэн нэгэн харж байгаа бол
Дэрсэн шүүрээр би бурхны тиг татаж харагдана

Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү

Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно

Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад

Мөн чиг хүнд санагдаад ажин түжин

Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас

Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана

Огторгуй өөд ширтэн ширтэн хэвтэхэд

Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана

Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад

Жаргал зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно

Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд

Нээрээ л би чинь будраад өнгөрөх цас аа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top