БОЛОР ЦОМ I Шилдэг таван найрагчийн СҮҮЛИЙН ДАВААНД уншсан шүлгүүд

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 04

"Болор цом"-ын эзэн Б.Жамбалдорж

"Болор цом" яруу найргийн наадам амжилттай болж өндөрлөлөө. Багануурт дүүрэгт зохион байгуулсан наадмын тэргүүн байрт яруу найрагч Б.Жамбалдорж шалгарч, "Болор цом"-ын эзэн болов. 

Дэд байрт Б.Энхжаргал, гутгаар байр Т.Баянсан, Тусгай байрт О.Цэнд-Аюуш, Э.Гантулга нар тус тус шалгарсан юм. Наадмын шилдэг тавд шалгарч үлдсэн таван найрагчийн сүүлийн даваанд уншсан шүлгүүдийг толилуулж байна. 

(Гэрэл зургийг Д.Амаржаргал. ZIndaa.mn)


"БОЛОР ЦОМ-37" наадмын Тэргүүн шүлэг: ЖАМЫН ЦАС

(Яруу найрагч Б.Жамбалдорж)

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж
Бусдын дээгүүр будрууланхан байхдаа
Үүдээр цухуйх аавынхаа дээрээс
Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас
Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн
Хааш яайш цацан бужигнуулсн цасан дор
Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон

Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж
Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би
Шинэхэн цас орсон өглөө
Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа

Тийм дотно мөр, харалгүй удаж ээ
Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой
Зөөлөн гишгэх алхаан дундаасаа
Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ

Явган хүний ганц нарийхан жимээр
Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ
Дээрээс хэн нэгэн харж байгаа бол
Дэрсэн шүүрээр би бурханы тиг татаж харагдана

Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү
Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно
Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад
Мөн чиг хүнд санагдаад ажин түжин

Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас
Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана
Огторгуй өөд ширтэн ширтэн хэвтэхэд
Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана

Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад
Жаргал зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно
Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд
Нээрээ л би чинь будраад өнгөрөх цас аа

***

МИНИЙ ШҮЛЭГ - Яруу найрагч Б.Энхжаргал

Дүнзэн байшин, дүүрэн сар
Дүүмэд бүсгүйн дүрлэгэр нүд
Өвс ногооны өнгө хувирч
Өршөөл үгүй сэтгэлийн солиорол-Миний шүлэг

Мөргөлийн сүм, өлгийн дуулал
Өнийн мөрөөдөл, үлгэрийн төгсгөл
Уруйнд үүдсэн элс чулууны үрлэн 
Муруй зам дээрх чихэр  мөчиртэй хар мод Миний шүлэг

Шороо нь нүдэнд орсон ч өөрийн газар
Шоргоолжны бутнаас мэдрэгдэх өрсөлдөөн тэмцэл
Амьдрал үхэл холбосон солонгон гүүр
Аймшиг түгшүүргүй ил хэвтэх шувуудын өндөг Миний шүлэг

Цасан дунд үзэгдэх хөх
Усны толионд тодрох холын  од
Суран чөдөр, төмөр сүх, тоосгон пийшин
Сумын төв дэх мөстэй худаг, мөнөөх хавар Миний шүлэг

 

 

***

СҮЛД ИЛД ХОЁР - Яруу найрагч Т.Баянсан

Сүмбэр их уулын гилбэр нь
Сэтгэл дотор байдаг юм
Сүлд илд хоёрын ир нь
Сэрэмж дотор байдаг юм

Харанхуйг онох гэж шидсэн чулуу
Гал болон дүрэлзэг
Харайсныг гүйцэх гэж сунасан чоно
Хүн болон бүжиглэг

Галаа тойрч бүжсэн
Галзуу тэр агшин
Модон цуураар
Монгол монгол гэж үлээнэм

Моголцог зүрхээрээ тэврэх
Морин цагийг ингэж хүлээнэм
Задгай их галын дэргэд
Захгүй их талын эхэнд

Их түүх чулуун дугуйгаа чирсээр
Ирж зогсоод
Иклийн нуманд эгшиг сумлаж
Исгэл даага шиг янцгаалгаж байгаад

Дуут сумаар
Дух руу харвана
Байт цээж харин
Бах ханан тосно

Түүхийн үнэнд оногдвол
Түүхий тархи ухаажна
Сургамжийн суманд өртвөл
Сувайрсан бодол ахуйжна

Ширгэ ширгэ ширгэ
Ширүүн гал шилбэлзэнэ
Гунигийн далайн ёроол
Гурван атга давс аа...

Ширгэ ширгэ ширгэ
Ширдгэнд унаж мөргө
Сүмбэр их уулын гилбэр нь
Сэтгэл дотор байдаг юм

Сүлд илд хоёрын ир нь
Сэрэмж дотор байдаг юм
Үс нь хийсч нүүрээ бүрхсэн
Өвгөн хүний тэргүүн бол

Үнэнийг залсан цагаан сүлд юм
Үсний ширхэг хийсэх
Үрчлээний ширхэг үл хийсэхийн
Үзэгдэх чанараас

Ухаан гэмшил хоёр
Урганам, ургаад сэргэнэм
Үхсэн ч нутгаа чамд өгөхгүй гэж
Үзэлцэх цавчилдах

Өрлөг дайчны толгой бол
Өтгөн үүлс нүүлгэж
Өвсний толгой улааруулах
Дайны хар сүлд юм

Монгол хүн бол
Монголын сүлд юм
Монголоо хэнд ч өгөхгүй гэж ассан
Дотроо цустай илд юм

Дотроо цустай илд гэдэг
Цусаа хамгаалсан тэмцэл юм
Долоон долоо дөчин есөн үеийн
Цуйраат тэнгэрийн бошго юм аа

***

ЗАЯН НАВАА - Яруу найрагч О.Цэнд-Аюуш

Яруу найрагч О.Цэнд-Аюуш

Ил хаант улсын дурсгалд зориулав


Ширэн хуяг цээжинд шигдэж байлаа
Шингэн хоолойгоор араас дуудаж байлаа
Шивээлсэн жаданд туугдаж явлаа
Шимширсэн зүрхнүүд минь зогсож байлаа

Саадагны хоромсог хонгинож байлаа
Сайхан нутаг минь хоцорч байлаа
Эвэр нумнууд минь хугарч байлаа
Эрхий хуруунууд минь тасарч байлаа

Улаан морьд минь шархтай байлаа
Унасан нутаг минь шатаж байлаа
Усан бороо нь цустай байлаа
Урсгасан цус минь ястайгаа байлаа

Тугаа атгасан гар минь газар хэвтэж байлаа
Тулгаа үүрсэн нуруу минь нугарч байлаа
Тухалж жаргаж суусан минь зүүд байлаа
Тулгар охидоосоо бид үүрд хагацаж байлаа

Эргэж харахдаа сохорч байлаа
Ээжийгээ бодохоор л сөхөрч байлаа
Ган дөрөөнүүд минь сэтэрч байлаа
Газар дээгүүр Монгол эрс дэвсээтэй байлаа

Урдах уулс дайвалзаж байлаа
Унаган хүлэг минь гуйвалзаж байлаа
Эмээлтэй хавсан сум буулгахгүй байлаа
Элсэн цөл суулгахгүй байлаа

Арз, хорз архи нь амт үгүй байлаа
Аман дотор давс ургаж байлаа
Аавыгаа бодохоор л гасалж байлаа
Амьд үлдэхээс л айж байлаа

Заяан наваа нутгаасаа бид буцаж явлаа
Заяа ихтэй Монгол руугаа цуцаж явлаа
Ил хаант улс мөхөж байлаа
Их Монгол руугаа мөлхөж байлаа

***

ТАЛ МЭТ ҮЗЭСГЭЛЭН ГООГ ЧИНЬ...  - Яруу найрагч Э.Гантулга


Үүрийн алган дээр хэвтсэн гөрөөсний сормуусыг нөмөрч
Үнэн тунгалаг сарны дор сунайж чи үзэгдээд
Үрэл хар нүдний чинь харанхуйг цуулсан гэгээ
Үйлийн цагаан зовлонд минь, өвсний шүүдэр шиг буухад
Үзэг минь чамайг цанган, цанган зураад
Үзэсгэлэн гоог чинь
“Өглөө” гэж нэрлэсэн юм

Цэцгийн бадам дээр завилсан цагаан Дарь-Эхийг ичээж
Цэлийгч мөнхийн тэнгэр дор инээж чи үзэгдээд
Цээнэ ягаан уруулын чинь сэтгэл цоордсон салхи
Цээлийн гүн анирт минь, угалз хуй шиг босоход
Өрцний минь шувууд дэвэн, дэвэн хийсээд
Үзэсгэлэн гоог  чинь
“Бурхан” гэж жиргэсэн юм

Мөнгөн дэрсэн дээр ганхаж зүүдэлсэн үүлсийн урыг эвдэж
Мөндөрийн бөмбөлөг улирал дор эгшиглэж чи үзэгдээд
Мөргөл бумбан хөхний чинь сэрэл цочоосон ахуй
Мөргөцөг улаан зүрхний минь аяз хэмнэлийг алдуулахад
Үгсийн минь эрчис толгод, толгод алдраад
Үзэсгэлэн гоог чинь
“Бороо” гэж шивнэсэн юм

Нараар татсан хэцэн дээр норсон гэзгээ хатааж
Намжир төгс гуниг дор эрхэлж чи үзэгдээд
Нарийн сүмбэн хурууны чинь бодол имэрсэн өндөг
Найраг шатсан үнэний минь галыг шүргэж цэврүүтэхэд
Насны минь залуу ааг үсчин үсчин буцлаад
Үзэсгэлэн гоог чинь
“Намар” аа гэж хашгирсан юм

Таанын шүүсэнд бүрэлдсэн зэрэглээт алсыг нэрж
Тарнийн суусар хүсэл дор дуулж чи үзэгдээд
Танхи сийлбэр биеийн чинь хөгжимлөг мянган чавхдас
Тархи, зүрх, оюуныг минь алгуурхан хөдөрч эзэмдэхэд
Таван мэдэрхүйн минь тэмтрүүл тасран тасран зовоод
Үзэсгэлэн гоог чинь, үзэсгэлэн гоог чинь
“Тал” минь гэж тунхагласан юм

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нууц(202.55.188.121) 2024 оны 12 сарын 04

Гоёл юм

1  |  0
Mongol(103.212.116.81) 2024 оны 02 сарын 02

Yruu nairuulga yruu sanaa nii helterhii ch ugui iim shuleg iim shulegch bh ch gej dee. Buur uram hugarch uur ch hurch bh shig...

3  |  0
Ogi(66.181.161.89) 2024 оны 11 сарын 09

Jamiin tsas taalagdlaa

4  |  0
Zzzz(66.181.161.102) 2024 оны 11 сарын 09

Гоц юм алга даа. Түрүүлсэн шүлэг ядуухан л шүлэг байна. Хэдийгээр тайзны яруу найраг ч гэсэн тааруухан л шүлгүүд байна. Цэнд-Аюуш их муудаж зэвэрсэн байна.

3  |  2
Зочин(150.129.143.120) 2023 оны 10 сарын 05

Жамбалдоржийн шүлэг энэ дотроо илүү нь үнэн байна.

3  |  0
Зочин(122.201.21.161) 2023 оны 10 сарын 05

Жамын цас үнэхээр тэргүүн байрт орох шүлэг болжээ. Уншихаар нүдэнд үзэгдэх шиг л боллоо

2  |  0
Bi(103.212.119.94) 2024 оны 11 сарын 27

Mongoliin yaruu nairag iim yaduu boloo yu. !

3  |  2
zochin (209.90.225.35) 2024 оны 02 сарын 02

Ene 5 shulgees yalt ch ugui turuulsen shuleg goyo bna aa

4  |  0
Top