ШШГЕГ-аас Гавьяат тамирчдад хүндэтгэл үзүүллээ

2021 оны 06 сарын 15

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнагдсан “Сүлд” спорт хорооны тамирчин Л.Отгонбаатар, Э.Цэндбаатар нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. 

Уулзалтын үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав шинэхэн гавьяатууддаа хандаж, хүн төрөлхтөний эв найрамдлын билэг тэмдэг болсон зуны олимпын 32 дахь удаагийн наадам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж, хөгсжсөний түүхт 100 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зарлигаар  гавьяат цол хүртсэнд баяр хүргэж, ирэх олимпын наадамд өндөр амжилт үзүүлж, алтан соёмбот далбаагаа олимпын тэнгэрт мандуулж байгууллагынхаа 100 жилийн ойдоо бэлэг барихыг хүслээ.


       
“Сүлд” спорт хорооны тамирчин Л.Отгонбаатар нь  дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, азийн наадмын хүрэл медаль, олимпын наадмын  шагналт тавдугаар байрыг эзэлсэн жүдо бөхийн шигшээ багийн шилдэг тамирчдын нэг юм.

Мөн “Сүлд” спорт хорооны тамирчин Э.Цэндбаатар нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга  энэ цаг үеийн дэлхийн чансааг тэргүүлэгч шилдэг ширэн бээлийтнүүдийн нэг юм.




Өнөөдөр болсон уулзалтын үеэр Монгол Улсын гавьяат тамирчин Л.Отгонбаатар хэлэхдээ, аливаа амжилтын ард хамт олон байгууллага, багийн ажиллагаа хамтын хөдөлмөр ямагт байдаг. Энэ эрхэм шагналыг хүртэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлага, хамт олон “Сүлд” спорт хорооны багш дасгалжуулагчдын дэмжлэг туслалцаа чухал үүрэг гүйцэтгэсэнийг онцолмоор байна. Цаашид улам их хичээж энэхүү шагналын нэр хүндийг өндөрт өргөж явах болно гэдгээ илэрхийлэв.

Харин Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар овоглож энэ хамт олны дэмжлэг хүч хөдөлмөрөөр өнөөдрийн амжилтанд хүрсэн гэж бодож байна. Байгууллагынхаа түүхт 100 жилийн ойн босгон дээр Азийн аваргаас хошой алтан медаль хүртэж эх орондоо ирээд удалгүй  Монгол Улсын гавьяат тамирчин гэсэн эрхэм цолоор шагнагдсандаа баяртай байна. Одоо надад олимпын наадамд амжилттай оролцох эрхэм зорилго байгаа болохоор улам их хичээх болно гэж байлаа.

Эх сурвалж: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хулхи Загджав(192.82.75.243) 2021 оны 06 сарын 15

Зайл зайл

0  |  0
Top