ШШГЕГ-ын дарга, хурандаа О.Амарсанаа шийдвэр гүйцэтгэгчидтэй уулзлаа

2023 оны 02 сарын 17

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны алба хаагчидтай уулзлаа. Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа алба хаагчдын эрх зүйн орчин, нийгэм, эдийн засгийн баталгааг хангах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Тухайлбал,  Алба хаагчдыг орон сууцны хөнгөлттэй нөхцөлтэй зээл,  түрээслээд орон сууцаа өмчлөх хөтөлбөрт хамруулсан, тодорхой тооны алба хаагчдад мөнгөн тусламж, орон сууцны урьдчилгаа олгосон, зуслангийн газар эзэмшүүлэх зэрэг ажлыг үе шаттай хэрэгжүүлэн ажилласан;  Шийдвэр гүйцэтгэгчдийн 2002-2018 онд энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцох эрх зүйн орчинг бүрдүүлсэн зэрэг томоохон ажлуудаас онцлон дурдаад алба хаагчдын нийгэм эдийн засгийн баталгааг хангах, эрх зүйн болон ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ зохион байгуулж, мэргэшсэн алба хаагчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах бодлого баримтлан ажиллахаа илэрхийллээ.

Цаашид ажил эрчимжүүлэх, сайжруулах хүрээнд төрийн үйлчилгээг шуурхай, шат дамжлага, хүнд сурталгүй, хүртээмжтэй хүргэхэд онцгой анхаарч, шийдвэр гүйцэтгэх ажиллаагааг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнд явуулах;

Хууль тогтоомжид заасан зарчим, нөхцөлийг чанд мөрдөж, иргэдтэй зөв боловсон харьцаж ажиллахын зэрэгцээ алба хаагч нэг нэгээ хүндэтгэсэн, ёс зүйтэй, захирах захирагдах ёсыг баримталж, цэрэгч жагсаалч байдлыг хангах;

Залуу боловсон хүчнийг сурган дадлагажуулж, тэднийг байгууллагад итгэх итгэл, урам зоригийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах үүрэг, чиглэлийг өгсөн юм.

Уулзалтын төгсгөлд эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан зарим алба хаагчдыг шагнаж, урамшууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top