Х.Нямбаатар: Үйлчилгээний байгууллагууд хүний биометрик мэдээллийг авахыг хуулиар хориглоно

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2021.06.22) хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

Улмаар УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэж УИХ-ын чуулганд танилцуулахаар тогтлоо.

Тус хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хийсэн юм. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх, хувь хүний нууцтай байх, үүнийг хуулиар тогтоон хамгаалахаар заасны дагуу Улсын Их Хурал 1995 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Хувь хүний нууцын тухай хуулийг баталж, мөн оныхоо долоодугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд хувь хүний нууцыг хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулж байгаа суурь эрх зүйн зохицуулалт юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш уг хуульд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Шинээр оруулж буй Хувь хүний нууцын тухай хуульд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орсон. Тухайлбал, хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авдаг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг тогтоож өгсөн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг тогтоож, энэ хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах чиг үүргийг тодорхой болгон, Хүний эрхийн үндэсний комисс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн  захиргааны байгуулага болон төрийн бусад байгууллага мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавихаар тусгасан. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах тохиолдол, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тодруулбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглохоор заасан жишээг дурдаж болно” гэв. Ингээд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд хэрхэн асуулт асууж, байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Хувь хүний мэдээллийн нууцын тухай хуулийн асуудал дээр хэлэх юм байна. Төрийн байгууллагууд хувь хүний мэдээллийг авдаг. Үүнээс гадна хувийн байгууллага маш ихээр авч байна. Хамгийн их иргэдийн долоон булчирхайг нь тоочуулж байгаа зүйл бол банкууд, үүрэн телефоны байгууллагууд юм. Тэр тусмаа банкууд хувь хүний бүх талын мэдээллүүдийг авч байгаа. Энэ тал дээр хуульд яаж тусгаж байгаа бол. Тэд хувь хүний мэдээлэл, нууц алдвал хариуцлага хүлээсэн юм байдаг уу. Бүх шатны сонгууль болдог. Нэр дэвшигчдийг цахимд доромжилдог, нууцад нь халддаг асуудал байдаг. Торгосон болоод өнгөрдөг. Үүнийг яаж сайжруулж байгаа юм.

ХЗДХ-ийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:

-Бид өнөөдөр ажилд ороход хүртэл ажил олгогчдоо хувийн мэдээллээ өгдөг болсон. Банк, худалдааны төвүүд урамшуулал өгөх гэж байна гээд хувийн мэдээллийг авдаг. Харин үүнийг цааш нь хэнд дамжуулж байгааг бид мэддэггүй. Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэхээр тус хуулийг боловсруулсан.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Өнөө цагт үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллага хувь хүний мэдээлэл цуглуулдаг болчихсон. Иргэд үйлчилгээ авахын тулд эмнэлэг, дэлгүүр, банк, сургууль гээд бүх байгууллагад мэдээллээ өгөөд байдаг. Иргэд өөрсдөө ч мэдээгүй байхад нь тухайн мэдээллийг нь ашиглаж үйлчилгээ үзүүлж байна. Түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхэд хэрэгтэй байх. Гэхдээ энэ байгууллагууд зөвхөн өөрт шаардлагатай мэдээллээ цуглуулж байна уу гэдэг асуудал бий. Тухайлбал, нэг утасны дугаар авлаа гэхэд заавал өөрт хамааралтай нэг хүний дугаар өг гэдэг. Хөнгөлөлтийн карт авахад регистрийн дугаар, гэрийн хаяг шаарддаг. Зарим банкнаас карт авахад “Танд улс төрд нөлөө бүхий хамааралтай хүн байна уу” гэдэг асуулт тавьдаг. Зайлшгүй хэрэгтэй мэдээллүүдээ авах ёстой байх. Түүнээс гадна хувь хүний мэдээллийг цуглуулахад хэрхэн хяналт тавих зохицуулалт орсон бэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Манайд хувь хүний мэдээл­лийг төрийн байгууллагаас гадна үйлчилгээний бүх байгууллагууд ямар нэгэн хуулийн хориг хязгааргүйгээр цуглуулж байгаа. Ялангуяа хүний хурууны хээг авч байгааг хэлэх хэрэгтэй. Хүний хурууны хээг “Номин” худалдааны төвд ч авч байна. Бусад үйлчилгээний байгууллагууд ч цуглуулж байгаа. Тэгэхээр бид хуулиар хүний биометрик мэдээлэл авахыг хориглож байгаа юм. Энэ мэдээлэл цаашаа алдагдвал яах вэ. Хэргийн газрын үзлэг дээр хурууны хээ хуулбарлагдаж, хүн хилс хэрэгт гүтгэгдвэл яах вэ гээд олон асуудал бий. Хүний биометрик мэдээлэл гэдэгт хөдөлгөөн, алхаанаас эхлээд дахин давтагдашгүй хүний мэдээлэл багтана. Сүүлд Хятадад хүний цусны эргэлтийг хүний дахин давтагдашгүй биометрик мэдээлэл гэж тооцсон байна лээ. Хувь хүний мэдээллийг цуглуулах, боловсруулахад баримтлах зарчмуудыг зааж өгсөн. Таны хэлсэн “Улс төрд хамааралтай хүн байдаг уу” гэдэг асуултыг ч зохицуулсан. Дээр нь хүний мэдээллийг боловсруулалт хийлгүйгээр олон нийтэд түгээхтэй холбоотой харилцааг бас зохицуулж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

-Энэ хууль орж ирж байгаад талархалтай байгаа. Одоо үед ярихаас аргагүй зохицуулалтуудыг хөндсөн хуулийн төсөл байна. Бид “Хувийн нууцыг хуулиар хамгаална” гэж аман яриагаар ярьдаг шүү дээ. Тэгэхээр хувь хүний нууцыг хамгаалах асуудал төрийн үүрэг. Энэ үүргээ биелүүлэх нэг томоохон алхам хийж байна гэж бодож байна. Ерөөсөө хувь хүний нууцыг хууль хяналтын байгууллага шүүх, прокурор зөвшөөрсөн байгууллага хөнддөг байх ёстой. Төрийн, хувийн олон байгууллага одоо авч байгаа нь буруу.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Бусад гишүүн ямар саналтай байгааг мэдэхгүй. Энэ хууль дээр Ажлын хэсэг байгуулахад би ахалмаар байгаа юм. Манай Хууль зүйн сайд өөрийгөө ч хамгаалж чадахгүй байгаа гэж ярьж байна. Хамгаалж сурах хэрэгтэй. Өөрсдийгөө ч хамгаалж чадахгүй байж иргэдийн эрх, орон зайг хамгаална гэж үлгэрийн юм яриад байж болохгүй. Тэгэхээр энэ удаагийн УИХ хүний хувийн мэдээллийг хамгаалсан шиг хамгаалъя. Тодорхой зааж өгье. Тэгээд зөрчсөн этгээдэд нь хариуцлага тооцдог байя. Иргэн айж утсаар ярьдаг биш тэрийг чагнаж байгаа, задруулах гэж буй этгээд айдаг байх ёстой. Айдас хүйдэс бол албан тушаалтан, энэ хувийн мэдээллийг ашиглах гэж байгаа этгээдэд байх ёстой байхгүй юу. Юуны дарангуйлал манай нийгэмд байна гэхээр давуу мэдээлэл эзэмшиж түүнийгээ ашиглаад сурчихсан, гаршсан этгээдүүд төрийн болон хувийн байгууллагуудад байна шүү дээ. Дата төвийн хамгаалалт чинь ямар байгаа юм, бүү мэд. Зарим бүлэглэлүүд хууль шүүхэд байхаас гадна мэдээллийн сүлжээнүүд дээр хүмүүсээ байршуулчихсан. Тэгээд хүний мэдээллийг өөр жирийн иргэдээр дамжуулж цахим орчинд цацдаг. Ийм этгээдүүдийг таслан зогсоохын тулд би үүн дээр ажиллана гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа юм. Бид энэ хуулийг шинэчилж, янзалж гаргахгүй бол үнэхээр цадигаа алдаад байна. Ер нь хувь хүний нууцын хууль Монголд огт хэрэгжээгүй хуулийн нэг л дээ. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр манай нийгэмд хувь хүний өөрийнх нь бусдад хамааралгүй хүрээ, нууц байх ёстой гэсэн хувь хүний соёл байхгүйтэй холбоотой юм. Одоо бүгдээрээ тэр соёлыг бий болгож, хууль тогтоомжоороо хамгаалахгүй бол техник технологийн хөгжил чинь үүнийг шаардаад байна л даа. Бүх юм мэдээлэл дээр суурилдаг болчихсон. Гүүглэ, фэйсбүүк, твиттер яагаад үнэтэй болоод байна гэхээр хүний нууцыг л хадгалж байгаа байхгүй юу. Тэр мэдээллээ маркетингийн борлуулалтын компаниудад зарж ашиг олж байна. УИХ-ын бусад шийдвэрийн төсөл болгон дээр хувь хүний нууц, мэдээлэл хамгаалах асуудал яаж туссаныг харж, зүйл заалт болгож оруулж баймаар байна. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөв бич л дээ (66.181.191.51) 2021 оны 06 сарын 23

Биометрик...

0  |  0
Top