Африкийн Буркина Фасо улсад 100 гаруй хүнийг хоморголон хөнөөсөн хэргийг 12-14 насны цэрэг хүүхдүүд үйлдсэн гэж НҮБ-ын Хүүхдийн сан орон нутгийн эрх баригчдын мэдээлэлд үндэслэн мэдэгджээ.
Энэ сарын эхээр Буркина Фасо улсын Солхан тосгон руу зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 170 орчим хүн амиа алджээ. Энэ аймшигт хэрэгтэй холбогдуулан тус улсад гурван хоногийн гашуудал зарлаж байв.
ЮНИСЕФ-ийн мэдээллээр, халдлагын үеэр 130 энгийн иргэн, тэр дундаа хүүхдүүд амиа алджээ. Эрх баригчдын мэдээлснээр, зэвсэгт этгээдүүдийн ихэнх нь 12-14 насны өсвөр настнууд байжээ.
НҮБ—ын Хүүхдийн сан зэвсэгт бүлэглэлүүд хүүхэд, өсвөр настнуудыг хөлсөлж буйг хатуу буруушааж, ийм үйлдлээрээ хүний үндсэн эрхийг бүдүүлгээр зөрчиж байна гэжээ. Солхан тосгонд гарсан халдлагын дараа ЮНИСЕФ хүмүүнлэгийн тусламж шуурхай үзүүлжээ. Тухайлбал, тус байгууллага орон гэрээ орхин дүрвэсэн 13 мянган иргэнд ундны ус, хүнс, шаардлагатай эд зүйлс илгээсэн байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээллээр, өдгөө тус улсад 1.2 сая хүн гэр орноосоо дайжин дүрвээд байгаагаас 61 хувь нь хүүхдүүд гэнэ.
Нигер, Мали улсын хилтэй залгаа орших Буркина Фасогийн хойд хэсэг “Аль Каида”, “Исламын улс” алан хядах бүлэглэлүүдийн халдлагад ихээр өртдөг байна. 2015 оноос хойш энгийн иргэдийн эсрэг зэвсэгт халдлага идэвхэжсэн тул нутгийн эрх баригчид энэ бүс нутагт орших тосгодын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.
Сэтгэгдэл ( 0 )