Буркина Фасод энэ онд хоёр удаа төрийн эргэлт гарав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 02

Африкийн Буркина Фасо улсад ахмад Ибраим Траорегээр удирдуулсан цэргийнхэн төрийн эргэлт хийжээ. Энэ нь тус улсад 2022 онд болсон хоёр дахь удаагийн цэргийн эргэлт болж байна.

Есдүгээр сарын 30-нд тэд шилжилтийн үеийн Засгийн газрын тэргүүн дэд хурандаа Поль-Анри Сандаого Дамибаг албан тушаалаас нь буулгасан тухай зарласан байна. Түүнийг “Хамгаалалт, сэргээн босголтын төлөөх эх оронд хөдөлгөөн / MPSR /”-ий үзэл санаанаас ухарсан хэмээн буруутгаж байна. “MPSR” хөдөлгөөн нь 2022 оны нэгдүгээр сарын сүүлээр Фуркина Фасогийн төрийн эрхийг булааж, Поль-Анри Сандаого Дамиба Ерөнхийлөгч Рок Марк Каборег албан тушаалаас нь огцруулж, Засгийн газрыг тараасан.

Төрийн эргэлт хийсэн цэргийнхэн улс төрийн аливаа үйл ажиллагаа болон олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоогоод байна.

Баруун Африкийн улс орнуудын эдийн засгийн хамтын нийгэмлэг Буркина Фасод цэргийн бүлэглэл төрийн эрхийг булаан авсныг буруутгаж, мэдэгдэл хийжээ.

Буркина Фасо нь цэргийн эргэлт гарсан Францын колони байсан гурав дахь улс болж байна. Үүнээс өмнө Францын колони байсан Мали, Гвинейд төрийн эргэлт гарч байсан билээ. Ингэснээр, тус бүс нутагт Францын хүчтэй нөлөө буурч байна гэж шинжээчид дүгнэж байна.

Буркина Фасог Африкийн цэргийн эргэлтийн орон гэдэг. 1960 онд тусгаар тогтнолоо зарласан тус улсад төрийн эрхийг үндсэн хуулийн бус аргаар найман удаа сольж, үүнээс зургаан удаагийнх нь цэргийн эргэлтээр, хоёрт нь ард олны эсэргүүцлийн шахалт дор Ерөнхийлөгч нар нь огцорч байв. 2015 оны цэргийн эргэлт амжилтгүй болж байв. 2015 оны арваннэгдүгээр сард Буркина Фасогийн түүхэнд анх удаа төрийн эрхийг үндсэн хуулийн дагуу сольж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
parnaz(188.95.34.48) 2022 оны 10 сарын 03

Koloni heveer bval deer de ene haruud yu hiij chadahgui uls huurhii

0  |  0
Top