4 жилд 8 эргэлт I Яагаад Африкт төрийн эргэлт их гардаг вэ?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 01

Габонд цэргийн эргэлт гарч, наймдугаар сарын 26-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүчингүй болгов. Төрийн эргэлт зорьсондоо хүрвэл 2020 оноос хойш Баруун болон Төв Африкт гарсан найм дахь удаагийн төрийн эргэлт болох юм.

Нэг сарын өмнө Нигерт цэргийн эргэлт мөн гарсан билээ.

2022 онд Буркина Фасод хоёр ч удаа төрийн эргэлт гарсан бол Гвиней Бисау, Гамби, Сан Том болон Принсипи арлын орнуудад мөн л цэргийн эргэлт хийхийг завдсан.

2021 онд тус тивд төрийн эргэлт хийх зургаан тохиолдол гарснаас дөрөв нь амжилт олсон. Нөхцөл байдалтай холбогдуулан Африкийн Холбооны төлөөлөгч Мусса Факи Махамат тус тивд үндсэн хуулийн бус замаар засгийг өөрчлөх явдал дахин сэргээж байгаад түгшиж буйгаа илэрхийлсэн билээ.

Төрийн эргэлт үү?

Африкийн зарим бүс нутагт тусгаар тогтнолоо олж авснаас хойших он жилүүдэд цэргийн эргэлт хэвийн үзэгдэл болж байсан. Хожим нь харьцангуй тогтвортой байдлын үе ирсэн ч сүүлийн үед төрийн эргэлт гарах явдал дахин нэмэгдэж байна.

АНУ-ын судлаач Жонатан Пауэлл, Клейтон Тайн нарын явуулсан судалгааны дүнгээс үзвэл 1950-иад оноос эхлэн Африкт нийт 200 гаруй удаагийн төрийн эргэлт хийх оролдлого бүртгэгдсэнээс 100 орчим нь амжилтад хүрчээ.

Гэхдээ зарим тохиолдолд цэргийн эргэлтэд оролцогчид жинхэнэ төрийн эргэлт байсан гэдгийг үгүйсгэдэг.
 


2017 онд Зимбабве улсад цэргийн эргэлтийн дүнд Роберт Мугабегийн 37 жил үргэлжилсэн засаглал төгсөж байсан. Гэхдээ цэргийн эргэлтийг удирдагчдын нэг хошууч генерал Сибусисо Мойо цэргийн эргэлт гэсэн тодорхойлолтыг бүрэн үгүйсгэж байжээ.

2021 оны дөрөвдүгээр сард Чад улсын тэргүүн Идрисс Дэби нас барсны дараа тус улсын арми түүний хүүг ерөнхийлөгчийн албан тушаалд түр томилж, түр цэргийн зөвлөлийн тэргүүнээр сонгож байв. Түүнийг эсэргүүцэгчид үүнийг “удам угсааны эргэлт” хэмээн тодорхойлж байжээ. Төрийн эргэлтийг удирдан зохион байгуулагч өөрсдийнхөө үйлдлийг хууль ёсны гэж харагдуулахын тулд төрийн эргэлт гэсэн тодорхойлолтыг үргэлж үгүйсгэдэг гэж Пауэлл тодруулжээ.

Төрийн эргэлтүүдийн бүс нутаг

1960-аас 2000 оны хооронд хар тивд төрийн эргэлт хийх оролдлого дунджаар жилд дөрвөн удаа бүртгэгджээ. Үүнд гайхах зүйл үгүй. Африкийн ихэнх улс орнууд тусгаар тогтнолоо олж авсны дараа тогтворгүй байдалтай нүүр тулсан. Африкийн улс орнуудад ядуурал, эдийн засгийн доод үзүүлэлтүүд зэрэг төрийн эргэлт гарах бүхий л тохироо нь бүрдсэн байсан. Ямар нэгэн улсад төрийн эргэлт нэг удаа гарахад дараагийнх нь удахгүй болно гэсэн үг гэж Пауэлл үзэж байна.
 

Африкт XXI зууны эхээр төрийн эргэлтийн тоо буурсан ч сүүлийн жилүүдэд дахин нэмэгдэж эхэлжээ. 2020 онд ганц л бүртгэгдсэн нь Малид.

2021 онд Чад, Мали, Гвиней, Судан, Нигерт нийт таван эргэлт, 2022 онд мөн тооны эргэлт хийх оролдлого гарснаас Буркина Фасод гарсан хоёр эргэлт амжилттай болжээ.

Урт удаан хугацаанд төрийн эрхийг барьсан дарангуйлагчийн эсрэг ард иргэдийн бослого Африкт энэ үзэгдэл нэмэгдэхэд хүргэсэн гэж Квазулу-Натал их сургуулийн судлаач Ндубуиси Кристиан Ани үзэж байна.

Хэдийгээр ард иргэдийн бослого, эсэргүүцэл хууль ёсных ба ард түмэн зохион байгуулдаг ч амжилтад хүрэх эсэхийг цэргийнхний гаргасан шийдвэр л тодорхойлдог гэж тэрбээр онцолжээ.

Сахарын цөл, халуун бүсийн ой хээрийн дунд орших өргөн уудам хагас хуурай бүс болох Сахел бүс нутагт сүүлийн жилүүдэд ийм их тооны төрийн эргэлт гарч буйг зөвтгөх шалтгаан нь цөөн гэж Малигийн гадаад хэргийн сайд асан Камисса Камара үзэж байна. Гэтэл энэ бүс нутаг “төрийн эргэлтийн бүс” гэсэн тодотголтой болоод байна.
 


Энэ бүс нутгийг дэлхийн төрийн эргэлтийн нийслэл гэж хэлэхэд огт хилсдэхгүй гэж Пауэлл онцолжээ.

Камарагийн ярьснаар, төрийн эргэлт гарч байгаа улс орнууд тэс өөр улсууд. Тэдний зэвсэгт хүчнүүд ч хоорондоо харилцаад байдаггүй. Геополитик, аюулгүй байдал, соёлын ижил асуудлууд бий. Гэхдээ нэгдсэн нэг үндэслэл байхгүй гэж Камара тодруулжээ. Гэхдээ Камара ч тэр, Нигерийн цэргийн албан тушаалтан асан, өдгөө Портсмутийн их сургуулийн шинжээч хийж буй Фатай Алли ч тэр тус бүс нутагт Францын улс төр, эдийн засаг, соёлын нөлөө байсаар байгаа нь цэргийн эргэлт ихээр гарч буйг тайлбарлах гол хүчин зүйлсийн нэг нь яахыг аргагүй мөн гэдэгт санал нэг байна.

Африк бүхэлдээ дэлхийн бусад бүх тивээс илүү олон тооны төрийн эргэлтийг үзжээ. 2017 оноос хойш дэлхийн дахинд бүртгэгдсэн 18 төрийн эргэлтээс нэг нь Мьянмарт 2021 онд, бусад нь бүгд Африкт гарчээ.

Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого Суданд хамгийн их гарчээ. Нийт 16 удаагийн төрийн эргэлт хийх оролдлого гарснаас зургаан нь амжилттай. 2019 онд тус улсад олон сар үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал, цуглааны үр дүнд олон жил төрийн эрхэнд байсан Омар аль-Баширыг унагасан. Башир өөрөө цэргийн эргэлт хийх замаар 1989 онд төрийн эрхийг булаан авч байв.

Хамгийн олон амжилттай төрийн эргэлтээр Баруун Африкийн Буркина Фасо улс тэргүүлж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 10 эргэлт гарснаас ес нь амжилт олжээ.

Нигерид 1966 оны нэгдүгээр сард тусгаар тогтносноос 1993 онд төрийн эрх генерал Сани Абачид ирэх хүртэлх хугацаанд найман удаа төрийн эргэлт хийхийг завдаж байв. Харин 1999 оноос хойш Африкийн хамгийн олон хүн амтай улсад төрийн эрх ардчилсан сонгуулийн замаар шилжих болжээ.

Бурунди улсын түүхэнд 11 төрийн эргэлт бичигдээд байна. Хуту болон тутси омог хооронд төрийн эрх мэдлийн тулаан өрнөдөг.

Сьерра Леонд 1967-оос 1968 оны хооронд гурван эргэлт гарч байсан бол 1971 онд дахин нэг удаа гарчээ. 1992-1997 оны хооронд төрийн эрхийг хууль бусаар авахыг таван удаа оролдож байжээ.

Гана улсад сүүлийн 20 жилд найман удаа цэргийн эргэлт гарч байжээ. Эхний эргэлт 1966 онд болж, тухайн үеийн төрийн тэргүүн Кваме Нкрумаг огцруулж байсан бол үүнээс хойш нэг жилийн дараа армийн бага офицерүүд төрийн эргэлт хийхийг завдсан ч бүтэлгүйтэж байсан түүхтэй.

2021 онд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Африк тивд цэргийн эргэлт хийх нь ердийн үзэгдэл болж байна гэж мэдэгдээд геополитикийн сөргөлдөөн олон улсын аюулгүй байдлыг ганхуулж, шийтгэлгүй үлдэх байдал газар авч байна гэж анхааруулж байв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top